Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АРДЧИЛАЛЫН АСУУДЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОН ҮГ ХЭЛЭВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АРДЧИЛАЛЫН АСУУДЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОН ҮГ ХЭЛЭВ

2015 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн болон Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс, Ботсвана Улстай хамтран зохион байгуулсан “Тогтвортой хөгжилд ард иргэдийн оролцоог хангах” нь сэдэвт хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцон үг хэлэв.

Тэрбээр энэхүү хэлэлцүүлгийн үеэр “15 жилийн өмнө дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүнүүд баталж байсан Мянганы хөгжлийн зорилтод Монгол Улс ардчилал, хүний эрхийн асуудлаар шинэ зорилт тусган баталж амжилттай хэрэгжүүлсэн. Мянганы хөгжлийн зорилтууд нийгмийн асуудалд ихээр анхаарч байсан бол Тогтвортой хөгжлийн зорилтууд нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлыг цогцоор тусгасан хөгжлийн хөтөлбөр болсноороо үндсэн ялгаатай. Жинхэнэ өөрчлөлтийг авч ирэх тогтвортой хөгжлийн энэхүү хөтөлбөрийг ард иргэдийн оролцоогүйгээр хэрэгжүүлэх боломжгүйг онцлон иргэний нийгэм, төрийн бус байгууллага ард иргэдийн санал санаачлага, оролцоо туйлын чухал” гэдгийг зориуд тэмдэглэн хэлэв.

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнг Монгол Улс 2016 онд даргалах бөгөөд даргалах хугацаандаа олон бодитой ажлыг амжуулж хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллахаа цохон тэмдэглэв.

Уг арга хэмжээнд Швейцар Улсын Ерөнхийлөгч Симонетта Соммаруга, Ботсвана Улсын Дэд ерөнхийлөгч Мокгветси Масиси, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газрын Бодлого зохицуулалт, агентлаг хоорондын харилцааны асуудлаарх туслах Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Газз, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летерм нар тус тус оролцон үг хэлэв.