ЮНЕСКО-ийн соёлын биет болон биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн монгол үндэсний их баяр наадмаар дамжуулан монгол ёс заншил, өв уламжлал, соёлыг олон улсад сурталчлах зорилгоор Гадаад хэргийн яамнаас санаачлан хилийн чанад дахь монголчуудын холбоод, төрийн бус байгууллагуудын дунд зарласан “Миний Монгол наадам-2015” уралдааны дүн гарлаа.
Тус уралдаанд Европ, Австрали, Америк, Ази тивийн нийт 9 улс дахь 19 байгууллага идэвхтэй оролцож, АНУ-ын Сан-Франциско дахь Бэй-Ариагийн Монголчуудын холбоо “Миний монгол наадам-2015” Өргөмжлөлийн эзэн боллоо.
Уралдааны дэд байрт Швед дэхь Монголчуудын Үндэсний холбоо шалгарсан бөгөөд ГХЯ-наас уралдааны бүртгэл, бэлтгэл ажил, явцын талаарх мэдээллийг оролцогчдод олон нийтийн фэйсбүүк сүлжээний https://www.facebook.com/mymongoliannaadam тусгай хуудсаар ил тод, нээлттэй хүргэж ажилласан.
Гадаад хэргийн яамнаас хилийн чанадад суугаа монгол иргэдээрээ дамжуулан эх орноо сурталчлан таниулах зорилтын хүрээнд тус арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.