Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“МИНИЙ МОНГОЛ НААДАМ”-Д ЕВРОП, АВСТРАЛИ, АМЕРИК, АЗИ ТИВИЙН НИЙТ ЕСӨН ОРОН НЭГДЛЭЭ

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ”-Д ЕВРОП, АВСТРАЛИ, АМЕРИК, АЗИ ТИВИЙН НИЙТ ЕСӨН ОРОН НЭГДЛЭЭ

Тулгар Төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний Их Баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас санаачлан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дэмжлэгтэйгээр “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтыг хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн сайн дурын үүсгэл санаачлагын байгууллага, холбоодын дунд зарлаад байна.

Уралдаант шалгаруулалт нь Үндэсний их баяр наадмаар дамжуулан Монгол ёс заншил, өв уламжлал, соёлыг олон улсад сурталчлахын зэрэгцээ гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэд, төрийн бус байгууллагуудыг дэмжих, урамшуулах үндсэн зорилготой.

“Миний Монгол наадам”-д Европ, Австрали, Америк, Ази тивийн нийт есөн оронд үйл ажиллагаа явуулж буй 19 төрийн бус байгууллага, холбоод оролцохоо илэрхийлж, албан ёсоор бүртгүүлээд байна.

Тус уралдаант шалгаруулалтад оролцогчид өөрийн суугаа орондоо “Миний Монгол наадам” арга хэмжээг өргөн дэлгэр зохион байгуулж, наадмын хөтөлбөр, дүрс бичлэг, гэрэл зургийн хамт тайлангаа ирүүлснээр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос тэргүүн, дэд байрыг тус тус шалгаруулж, шилдэг оролцогчдыг мөнгөн шагналаар урамшуулах юм.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Үндэсний их баяр наадам нь ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад 2005 онд бүртгэгдсэн билээ. Монгол наадмыг ийнхүү олон улсад сурталчлах нь хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийн эв нэгдлийг хангахын зэрэгцээ манай улсад зочлох жуулчдын тоог нэмэгдүүлэх, олон чухал ач холбогдолтой билээ.