Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрБУРХАН ХАЛДУН УУЛ ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН ӨВД БҮРТГЭГДЛЭЭ

БУРХАН ХАЛДУН УУЛ ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН ӨВД БҮРТГЭГДЛЭЭ

2015 оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 8-ны хооронд ХБНГУ-ын Бонн хотноо болж буй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганаар Монгол Улсын нэр дэвшүүлсэн “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” номинац Дэлхийн өвийн Жагсаалтад соёлын ангиллаар бүртгэгдлээ.

Үндэсний бахархалт хайрхан Бурхан халдун уулыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэсэн баярт үйл явдлыг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дарга, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан болон ажлын хамт олны нэрийн өмнөөс монгол түмэндээ баяр хүргэе.

Мөн номинацийн баримт бичгийг боловсруулж, Дэлхийн өвийн хорооны Зөвлөх байгууллагуудын шинжээчдийн үнэлгээний аяллыг хамтран зохион байгуулсан холбогдох яамд, байгууллагуудын бүх мэргэжилтнүүдээ баяр хүргэе.

Бурхан халдун уулыг Дэлхийн өвд бүртгэсэн нь Чингис хааны намтар түүхтэй холбоотой түүх, соёлын өвийг судалж тогтоох, хадгалж хамгаалах, дэлхий дахинаа сурталчлан алдаршуулахад үнэтэй хувь нэмэр боллоо.

Төрийн тахилгат, Үндэсний бахархалт хайрхан Бурхан халдун уул нь монгол туургатны эх түүхийн голомт нутаг билээ. “Бурхан халдуныг өглөө бүр мялаасугай, өдөр бүр өчсүгэй, ургийн ураг минь ухан мэдтүгэй” гэж тэртээх 800 гаруй жилийн өмнө Чингис хаан зарлиг болгосныг Монголын нууц товчоонд тэмдэглэсэн байдаг.

1995 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан халдун уулыг төрийн тахилгат уул болгосон бөгөөд 2013 онд Засгийн газрын тогтоолоор Бурхан халдун уулыг Үндэсний бахархалт хайрханаар өргөмжилсөн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 203 дугаар зарлиг гаргаж Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийг Дэлхийн өвд бүртгүүлэх санал боловсруулан ЮНЕСКО-д хандах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон билээ.

Уг зарлигийг үндэслэн БОАЖ-ын сайд, БСШУ-ны сайдын хамтарсан 2011 оны 12 дугаар сарын 19-ний 447/530 дугаар тушаалаар Бурхан халдун уулыг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлын хэсгийг байгуулж, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, холбогдох яамд, байгууллагууд хамтран ажилласан.

“Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”-ийг Дэлхийн өвийн Жагсаалтад бүртгэх 10 шалгуурын соёлын 4, 6 дугаар шалгуураар бүртгэв. Дэлхийн өвийн хорооны Зөвлөх байгууллага Хөшөө дурсгал, дурсгалт газруудын олон улсын зөвлөл (ICOMOS) Бурхан халдун уулын номинацийг шалган үзээд Бурхан халдун уул бол Чингис хааны намтар түүхтэй нягт холбоотой, мөн Монголын нууц товчоонд дурдагдсан тул дээрх хоёр шалгуураар Дэлхийн өвийн Конвенцийн Дэлхийн нийтийн Хосгүй гайхамшигт үнэ цэнэт байдлын тодорхойлолтыг хангана гэж үзсэн юм. Бурхан халдун уулын талаар Монголын нууц товчоонд 27 удаа дурдагдсан байдаг билээ.

2014 оны байдлаар Дэлхийн өвийн Конвенцид 191 оны гишүүнээр нэгдэн орж 163 орны 1031 өв бүртгэгдээд байгаа.

ХБНГУ-ын Бонн хотноо болж буй Дэлхийн өвийн хорооны 39 дүгэээр чуулганаар нийт 37 өвийг шинээр бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн бөгөөд Монгол Улсын нэр дэвшүүлсэн “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” номинац соёлын ангиллаар бүртгэгдсэн.

1972 оны Дэлхийн Өвийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн Конвенцийг хэрэгжүүлэх хүрээнд Дэлхийн өвийн хороо жил бүр хуралддаг. Уг хороонд Дэлхийн өвийн Конвенцийн гишүүн нийт 21 орон өөрсдийн хүсэлтээр дөрвөөс зургаан жил сонгогдон ажилладаг.

Монгол Улс Дэлхийн өвийн Конвенцид 1990 онд нэгдэн орсон. Өдгөө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн Жагсаалтад нийт дөрвөн өвийг бүртгүүлээд байна. “Увс нуурын ай сав газар”-ыг байгалийн өвөөр 2003 онд ОХУ-тай хамтран байгалийн өвөөр, 2004 онд “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ыг соёлын өвөөр, 2011 онд “Монгол Алтайн хадны зургийн цогцолборт газар”-ыг соёлын өвөөр Дэлхийн өвийн Жагсаалтад тус тус бүртгүүлсэн юм.

burkhankhaldun burkhankhaldun1