Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ СУДЛАЛЫН ЭХЛЭЛ

МОНГОЛ СУДЛАЛЫН ЭХЛЭЛ

Гадаадад: Монгол судлал нь анх XIX зууны сүүлч үеэр Орос, Франц, Финланд, Унгар зэрэг цөөн хэдхэн оронд монгол хэл аялгуу, эртний бичгийн дурсгал, түүх судлалын чиглэлээр үүсэн хөгжжээ. Перст сууж байсан монгол хаад францын вангуудтай харилцаж байсан тухай Абел Ремюзийн сонирхолтой үгүүлэл 1822 онд гарснаас хойш монголын холбогдолтой үгүүлэл, тэмдэглэлүүд өрнийн хэвлэлүүдэд гарч эхэлсэн байна. XIX зууны монгол судлалд оросын эрдэмтэд голлох үүрэгтэй байжээ. 1833 онд Казанийн их сургуульд монгол хэлний анги нээгдэж, монгол хэл аялгуу, бичгийн дурсгал, түүх, соёлын талаар Я. Шмидт, О. Ковалевский, А. Бобровников Ф. Голстунский, Д. Банзаров, А. М. Позднеев, Палладий Кафаров нарын бүтээлүүд гарсан нь өрнө дахинд монгол судлал хөгжих үндэс суурь нь болжээ.

XIX зууны эхэн үеэс Франц, Герман, Англи, Финланд, Холланд, Америк зэрэг орнуудад дорно дахины судлалын томоохон сэтгүүлүүд гарч эхэлсэн бөгөөд тэдгээрт монгол хэл, түүхийн холбогдолтой үгүүлэл, материал гарч байжээ. ХХ зууны тэргүүн хагаст Австри, Унгар, Польш, Дани, Орос, Хятад, Японд арав гаруй шинэ сэтгүүл гарчээ. /Хавсралт/

Дотоодод: ХХ зууны эхээр Судар бичгийн хүрээлэн байгуулагдаж, үндэснийхээ хэл соёл, түүх, зан заншлыг шинжлэх ухааны арга зүйгээр судалж, ”Орчин үеийн Монгол”, ”Шинэ толь”, ”Монгол хэл бичгийг сайжруулах бодлогын үгүүлэл” зэрэг эрдэм шинжилгээний сэтгүүл, цувралууд гарч эхэлжээ. Дөчөөд оноос Монгол улсын их сургууль байгуулагдаж, монгол судлалын олон салбар ухааны сургалт, судалгааны ажил эрчимжсэн байна.

1959 онд Улаанбаатар хотод зохион байгуулсан Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хуралд ЗХУ, Англи, Америк, Герман, Унгар, Польш, Финланд, Япон, Энэдхэг, Хятад зэрэг арав гаруй орны дөч гаруй эрдэмтэд оролцсон нь Монгол улсад монгол судлал эрчимтэй хөгжиж эхэлснийг олон улсад харуулжээ. Энэ үеэс эхлэн ”Дэлхийн монгол судлалын төв нь Монгол улс боллоо” гэдгийг олон улсын монгол судлалын ертөнц хүлээн зөвшөөрөх болсон байна.

ХАВСРАЛТ

Дорнодахины судлалын сэтгүүлүүд (XX зууны дунд үе хүртэл)

Франц:

Journal Аsiatique (Paris, 1822-)

Англи:

Journal of the Royal Asiatic Societу (London, 1834-)

Bulletin of the School of Oriental Studies (London, 1917-)

Америк:

Journal of the American Oriental Society (Boston, 1843-)

Harvard Journal of Asiatic Studies (Cambridge, Mass.1936-)

Герман:

Zeitschrift der Deutschen Morgenlandischen Gesselschaft (Leipzig, 1847-)

Asia Major (Leipzig, 1923-)

Финланд:

Journal de la Société Finno-Ougrienne (Helsinki, 1883-)

Mémoires de la Société Finno-Ougrienne (Helsinki, 1896-)

Studia Orientalia (Helsinki, 1925-)

Нидерланд:

T’oung Pao (Leiden, 1890-)

Oriens (Leiden,1948-)

Унгар:

Keleti Szemle/Eastern Review/ (Budapest, 1900-)

Австри:

Wiener Zeitschrift für die Kunde des Morgenlandes (Wien, 1903-)

Anthropos (Wien, 1906-)

Польш:

Rocznik Orientalistyczny (Krakow, 1914-)

Дани:

Acta Orientalia (Kopenhagen, 1922-)

Орос:

Записки Института Востоковедения, (Ленинград, 1932-)

Труды Институт Востоковедения, (Ленинград, 1932-)

Ученые Записки Института Востоковедения, (Москва, 1932-)

Хятад:

Monument Serica (Pekin, 1935-)

Япон:

Journal of the Linguistic Society of Japan {Gengo Kenkyu}, (Tokyo, 1939-)