Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

Монгол Улс, Оросын Холбооны Улстай уламжлалт сайн хөршийн харилцаа хөгжүүлдэг. Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай Гэрээг 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулан, дипломат харилцаатай болсон билээ. Хоёр улс 1922 онд ЭСЯ-даа Улаанбаатар, Москвад харилцан нээсэн байна.

Дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, эрдэс баялаг, эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, соёл боловсрол, эрүүл мэндийн салбаруудад идэвхитэй хөгжиж ирсэн бөгөөд өндөр, дээд түвшний айлчлал тогтмол хэрэгжсээр ирлээ.

Хоёр улс 2009 оноос Стратегийн түншлэлийг хөгжүүлж эхэлснээр Монгол Улс стратегийн түншлэлийн харилцааг хамгийн анх ОХУ-тай тогтоосон билээ.

Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан 2014 оны 9 дүгээр сард Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилсан нь Монгол, Оросын харилцааны түвшинг илтгэсэн айлчлал болсон билээ.

Монгол Улс, ОХУ-ын хоорондын худалдааны нийт бараа эргэлт 2014 оны 12 сарын байдлаар 1.6 тэрбум ам.долларт хүрч, Монголын импорт 1,5 тэрбум ам.доллар, экспорт 61,6 сая ам.доллар болсон. 1990-2014 оны хооронд Монгол Улсад ОХУ-аас нийтдээ 297 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ нь дээрх хугацаанд Монгол Улсын эдийн засагт оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын 2,1% нь болж байна.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг “Эрдэнэт”, “Монголросцветмет” хамтарсан үйлдвэрүүд, хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, эрх зүйн орчинг нь сайжруулах талаар хоёр тал яриа хэлэлцээ явуулж, энэ чиглэлээр хамтран ажиллаж байна.

Хоёр улсын боловсролын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2000-2013 онд ОХУ-ын их, дээд сургуульд 2760 Монгол Улсын иргэн суралцсан.

“Иргэд харилцан визгүй зорчих тухай тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн Хэлэлцээр”-ийн манай хоёр дагуу нэг улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих болон дамжин өнгөрөх эрхтэй болоод байна.

ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

2015 оны 4 дүгээр сар