Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

Нэг. Улс төрийн харилцаа

 Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол, Хятад нь нийт 4709.6 км урт шугамаар хиллэдэг. Хоёр тал 1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо тус тус Элчин сайдын яамаа харилцан нээсэн. Монгол Улс 1991 онд ӨМӨЗО-ны Хөх хотод Ерөнхий консулын газраа сэргээн байгуулж, 1996 онд түүний салбарыг Эрээн хотод нээсэн бөгөөд 2007 онд Консулын бие даасан газар болгон ажиллуулах болсон. Мөн 2011 онд Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт Ерөнхий консулын газар байгуулсан. 2012 онд БНХАУ-ын Шанхай хотод Консулын төлөөлөл, 2014 онд ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод Консулын газар тус тус байгуулж үйл ажиллагаа явуулж байгаад 2017 онд татан буулгасан. Харин 2018 онд Шанхай хотод ЕКГ, Манжуурт КГ тус тус байгуулах шийдвэр гаргаад байна.

Харилцааны түвшин

1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин хөгжиж, энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ (1960 он), Хилийн гэрээ (1962 он) зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан олон гэрээ байгуулагдсан. 1994 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсан. Энэхүү гэрээ нь хоёр улсын одоогийн харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж байна.

2003 оны 6 дугаар сард БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал Монгол, Хятадын сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлэхээр тохиролцсон.

2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурсан.

2011 онд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлэхээр тохиролцсон.

2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал “Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-ийг байгуулсан.

2014 оны 8 дугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Засгийн газар болон хувийн хэвшлийн хооронд нийт 37 баримт бичигт гарын үсэг зурж, хоёр улсын харилцааны түвшинг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэх улс төрийн шийдвэрийг зарласан.

Харилцааны суурь зарчим

1994 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг байгуулсан. Уг гэрээний 1 дүгээр зүйлд: “Хэлэлцэн тохирогч талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр улсын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ” гэж заасан болно.

Харилцан хийсэн гол айлчлалууд

Монголын талаас:

  • 1998, 2004, 2010, 2015 онд Ерөнхийлөгч,
  • 1994, 2000, 2008, 2014 онд УИХ-ын дарга
  • 1992, 1996, 1999, 2002, 2006, 2009, 2011, 2013, 2017, 2018 онд Ерөнхий сайд

Хятадын талаас:

  • 1991, 1999, 2003, 2014 онд Улсын дарга
  • 1997, 2013 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга
  • 1954, 1960, 1994, 2010, 2016 онд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд
  • 2018 онд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И
  • ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Тяньжин хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Хунжун

Хоёр талын хамтын ажиллагааны механизмууд

  • Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын байнгын уулзалтын механизм
  • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс
  • Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн Монгол, Хятадын хамтарсан зөвлөл
  • Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын стратегийн яриа хэлцээ
  • Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Хилийн усны хамтарсан комисс
  • Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх уулзалт
  • Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын Засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх уулзалт
  • Монгол, Хятадын Хэвлэл мэдээллийн форум
  • Монгол, Хятадын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл

Хоёр. Худалдаа, эдийн засгийн харилцаа

 Худалдааны хэмжээ

2017 оны байдлаар Монгол Улс, БНХАУ-тай хийсэн худалдаа 6.7 тэрбум ам.долларт хүрч, манай улсын нийт гадаад худалдааны 64 хувийг бүрдүүлсэн. 2018 оны эхний 9 сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 6.37 тэрбум ам.долларт хүрсэн нь манай улсын гадаад худалдааны 66 орчим хувийг бүрдүүлж байна.

2018 оны эхний 9 сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 6.37 тэрбум ам.долларт хүрсэн нь манай улсын гадаад худалдааны 66 орчим хувийг бүрдүүлж байна. Мөн хугацаанд манай нийт экспортын 92.5 хувь, импортын 34.1 хувь Хятад улсад ногдож байна. Эдийн засаг, худалдааны харилцааг шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлж, 2020 он гэхэд худалдааны нийт эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран дэвшүүлсэн.

Хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний бүтэц

1990-2017 хүртэлх хугацаанд Монгол Улсад БНХАУ-ын зүгээс 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсний дотор 70.1 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, 22 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбар, 2.3 хувь нь барилгын салбарт ногдож байна.

Гурав. Хүмүүнлэгийн болон бусад харилцаа

 Хоёр улсын хооронд жилд дунджаар давхардсан тоогоор 1.3 сая хүн харилцан зорчдог. Үүнээс 1 сая нь Монгол Улсын иргэн, 300 мянга нь БНХАУ-ын иргэд байдаг.

Боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа

  • 2017-2018 оны хичээлийн жилд Хятадын Их, дээд сургуульд суралцаж буй Монгол оюутнуудын тоо 9000-д хүрээд байна.
  • БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг -жилд 220 орчим тэтгэлэг,
  • БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэг -жилд 100 орчим тэтгэлэг /сонгон шалгаруулалтад БСШУСЯ оролцдоггүй/,
  • Тусгай тэтгэлэгт хөтөлбөр -жилд 200 тэтгэлэг

2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо Монгол, Хятадын Шинжлэх ухаан, технологийн хамтарсан хорооны анхдугаар хуралдаан болсон. Уг хуралдааны протоколд хамтарсан Молекул биологийн хэрэглээний лабораторийн шинжлэх ухааны паркийн тухай тусгасан.

Соёлын харилцаа

  • 1994 онд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулсан.
  • 2010 оны 5 дугаар сард байгуулсан “Соёлын төв харилцан байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээр”-ийн дагуу 2010 оны 6 дугаар сард Хятадын соёлын төвийг Улаанбаатар хотод байгуулсан.
  • 2012, 2014, 2015 онуудад Монголын соёлын өдрүүдийг Бээжин хот болон Шаньдун муж, ӨМӨЗО-д, Хятадын соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод тус тус амжилттай зохион байгуулсан.
  • ӨМӨЗО-ны соёл, урлагийн байгууллагуудтай танилцах сургалтыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтран 2016 онд зохион байгуулсан.
  • БНХАУ-ын богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2016 онд монголын талын мэргэжилтнүүд соёлын бие бус болон биет өвийн богино хугацааны сургалтад хамрагдсан
  • Хятадын кино, дэлгэцийн шилдэг 25 бүтээлийг үнэ төлбөргүй өгч байна.

Батлан хамгаалахын харилцаа

  • 1990 он хүртэл хоёр улсын цэргийн харилцаа 30 шахам жил тасарсан бөгөөд БНМАУ-ын ГЯЯ-ны сайд Ц.Гомбосүрэн 1989 онд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Хятадын ГЯЯ-ны сайд Цянь Цичэнд хоёр улсын цэргийн харилцааг сэргээх саналыг албан ёсоор тавьсан. Монгол Улсын БХЯ-ны урилгаар 1990 оны 9 дүгээр сард БНХАУ-ын БХЯ-ны Гадаад харилцааны ерөнхий газрын дарга, хошууч генерал Фу Зяпин манай улсад айлчлал хийснээр хоёр талын цэргийн харилцаа сэргэх эхлэл тавигдсан.
  • БХ-ын сайд Д.Дорлигжав 1997 онд Хятадад айлчлах үеэр “Монгол Улсын БХЯ, БНХАУ-ын БХЯ хоорондын хамтын ажиллагаа, солилцооны тухай Протокол”-д гарын үсэг зурж, хоёр талын цэргийн харилцаа, хамтын ажиллагааны хэм хэмжээг зохицуулсан албан ёсны баримт бичигтэй болсон.
  • 1996-2014 онд сургалтын тусламжийн хөтөлбөрийн хүрээнд манай 265 цэргийн албан хаагч БНХАУ-ын Бээжин, Шанхай, Наньжин, Куншань хотын цэргийн сургуулиудад цэргийн удирдлага, аюулгүй байдлын, залуу офицерийн, ХЗЦ-ийн штабын ажилтны, АЦ-ийн командын, цэргийн эмчийн болон хятад хэлний орчуулагчийн мэргэжлээр суралцсан.

2015-2016 оны хичээлийн жилд Хятадын цэргийн их дээд сургуульд нийт 116 оюутан суралцаж буйн 69 нь зэвсэгт хүчнээс, 47 нь хилийн цэргээс хамрагдаж байна. Мөн Хятадын 2 офицер манай БХИС-ийн монгол хэлний дамжаанд суралцсан.

Хүмүүнлэгийн солилцооны хөтөлбөрүүд

  • 2015-2019 онд жил бүр хятадын тал Монголын 100 залууг, монголын тал Хятадын 50 залууг тус тус хүлээн авч танилцах аялал зохион байгуулахаар 2014 онд тохиролцон хэрэгжүүлж байна.
  • 2015-2019 онд жил бүр Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагын 50 төлөөлөгч Хятадад айлчлах,

2017-2020 онд Монгол-Хятадын дээд, дунд шатны удирдах албан тушаалтнуудын сургалт хамтран зохион байгуулах

Дөрөв. Харилцааны эрх зүйн үндэс

 Байгуулсан гол хэлэлцээрүүд

1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин хөгжиж, энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ (1960 он), Хилийн гэрээ (1962 он), Худалдааны гэрээ (1961) зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан гэрээ байгуулагдсан.

1949-2015 онд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг зохицуулсан 450 гаруй гэрээ байгуулагдсанаас 200 гаруй гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна.

Гол гэрээ, хэлэлцээрүүд:

  1. Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр /1955/
  2. Хилийн гэрээ (1962)
  3. Хилийн тухай протокол (1964)
  4. Консулын конвенц (1986)
  5. Иргэний агаарын тээврийн тухай хэлэлцээр /1989/
  6. Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн тусслалцаа үзүүлэх тухай гэрээ /1989/
  7. Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр (1991)
  8. Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр (1991)
  9. Ургамлын хорио цээрийн тухай хэлэлцээр /1992/
  10. Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай хэлэлцээр /1993/
  11. Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ (1994)
  12. Хилийн усыг хамгаалах болох ашиглах тухай хэлэлцээр /1994/
  13. Гэмт этгээдийг шилжүүлэх өгөх тухай гэрээ /1997/
  14. Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр (2004)
  15. Монгол Улсын Сангийн яам, Хятадын хөгжлийн банк корпорацийн хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээр (2009)
  16. Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай /2009/
  17. Хилийн дэглэмийн тухай гэрээ (2010)
  18. Ялтан шилжүүлэх тухай гэрээ (2011)
  19. Гэмт хэрэгтэй хамтран тэмцэх тухай хэлэлцээр /2011/
  20. Автотээврийн тухай хэлэлцээр /2011/
  21. Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр/2014/
  22. Монгол Улс, БНХАУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал /2014/
  23. Монгол Улс, БНХАУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл /2015/

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

 

2018 оны  11 дүгээр сар