“Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн” эхэллээ. Монгол Улсаас гадаадын 46 оронд Дипломат төлөөлөгчдийн газар, байнгын болон суурин төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа явуулж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж буй. Эндээс нийт 41 оронд суух Элчин сайд хийгээд Ерөнхий консулууд Улаанбаатар хотноо ирээд байна.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн зөвлөгөөнийг нээж үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “ Гадаад бодлого бол аливаа улсын дотоод бодлогын гадагшаа харсан илэрхийлэл байдаг. Гадаад хэргийн сайдын хувьд онцгой анхаарал хандуулж буй асуудал бол нэг цонхны бодлого юм. Энэ хүрээнд гадаад бодлогыг газар дээр нь хэрэгжүүлэгч Гадаад хэргийн яам, Элчин сайд, Ерөнхий консул, ДТГ-ын тэргүүн та бид бүхэн нэг цонхны гадаад бодлогын зарчмыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө ажиллах шаардлагатай байна” хэмээлээ.
Зөвлөгөөнөөр “Гадаад харилцааны тухай хууль”-ийн төсөл боловсруулах ажлын явц, “Дипломат албаны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах ажлын явцын танилцуулга, Гадаад харилцааны нэгдсэн зохицуулалт, Гадаад хэргийн яамны бодлого , үйл ажиллагааны чиглэл, Гурван талт уулзалт, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцлаа. Мөн Гадаад сурталчилгааны бодлого, Монгол Улсыг гадаадад сурталчилах хөтөлбөр, АСЕМ-ын 11-р дээд түвшиний уулзалт, НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн сонгууль-2015 , Хилийн чанад дахь иргэдийн эрх ашиг сэдвийн хүрээнд танилцуулга хийж, санал бодлоо солилцсон юм.
Ирэх өдрүүдэд гадаад улс оронд эх орноо төлөөлж суугаа Элчин сайд, Ерөнхий консулууд яам, агентлаг, нийслэл, аймаг орон нутаг, МҮХАҮТ, МАОЭНХ, барилга, ноос ноолуур, хүнс зэрэг салбарын төлөөлөлтэй хоёр талын уулзалт зохион байгуулах юм. Түүнчлэн Оюутолгой, Тавантолгойн үйл ажиллагаатай танилцахын сацуу Дархан, Эрдэнэт хотод ажиллахаар төлөвлөж байна.