Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЛ.ПҮРЭВСҮРЭН САЙД МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн Дэд Ерөнхийлөгч Камран Каныг хүлээн авч уулзаж, Монгол Улс, Мянганы Сорилтын Корпорацийн хооронд байгуулах компакт гэрээний явцын талаар санал солилцов.

Сайд Л.Пүрэвсүрэн талууд шинээр байгуулах гэрээний төслийг сонгон шалгаруулах бэлтгэл ажил, холбогдох судалгаа мэдээллийг гаргах чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Их хурал, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай Хэлэлцээрийг соёрхон баталсныг мэдээллээ.

Мөн Мянганы сорилтын Корпорацийн Гүйцэтгэх захирал хатагтай Дана Хаидын Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнд сэтгэл хангалуун байгааг өөрт нь уламжилж өгөхийг ноён К.Канаас хүсэв. Түүнчлэн Мянганы Сорилтын Корпорацийн 2 дахь компакт гэрээ нь Монгол Улсын нийгэм  эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц ач холбогдолтой салбарт хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

 АНУ-ын Мянганы сорилтын корпораци нь (МСК) хөгжиж буй орнуудад тусламж олгох, хэрэгжүүлэх асуудал эрхэлсэн Засгийн газрын байгууллага юм.

 Мянганы Сорилтын Корпораци нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах замаар ядуурлыг бууруулах зорилгоор сайн засаглал, эдийн засгийн эрх чөлөө, иргэдийн төлөө оруулж буй хөрөнгө оруулалтын тодорхой шалгуур хангасан хөгжиж байгаа орнуудад томоохон хэмжээний тусламж буюу компактыг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлдэг юм. Тусламжийг  хөдөө аж ахуй, усалгаа, тээвэр, усан хангамж, бохир ус зайлуулах систем, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, хувийн хэвшлийн хөгжил, авилгын эсрэг үйл ажиллагаа, газрын эрх зэрэг чиглэлээр голлон олгодог. Тус байгууллага нь эдүгээ 27 оронд нийт 10 тэрбум гаруй ам.долларын компакт хэрэгжүүлсэн буюу хэрэгжүүлж байна.

 Монгол Улс Мянганы Сорилтын Корпорацитай анхдугаар компакт гэрээг 2007 онд байгуулж, 285 сая ам.долларын санхүүжилт бүхий хөрөнгийн эрх, хот орчмын бэлчээр, мэргэжлийн боловсрол, эрүүл мэнд, авто зам, цэвэр агаар гэсэн 5 төслийг 2008-2013 онд хэрэгжүүлсэн. Манай улс Мянганы Сорилтын Корпорацийн Захирлуудын зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны шийдвэрээр компакт гэрээнд хамрагдах боломжтой орноор дахин шалгарсан.