Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэг /АОХН/-ийн Сайд нарын 8-р бага хурлын үеэр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Мариа Лайснэртай уулзав. Уулзалтын эхэнд сайд Л.Пүрэвсүрэн АОХН-ийн 15 жилийн ойн мэнд хүргээд, Монгол Улс АОХН-д хамтран ажиллахад чухал ач холбогдол өгч ирсэн бөгөөд цаашид ч өндөр ач холбогдол өгч ажиллахыг нотлов. Талууд цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр, тухайбал, Олон улсын хамтын ажиллагааны сангийн хүрээнд хамтран ажиллахаар ярилцав.
Хатагтай Мариа Лайснэр уулзалтын үеэр энэ сарын 29-нд ардчиллынхаа 25 жилийн ойн баярыг тэмдэглэх гэж буй Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд баяр хүргэв.