Эл Сальвадор Улсын нийслэл Сан Сальвадор хотноо болж буй Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэг /АОХН/-ийн Сайд нарын 8-р бага хуралд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцож, Сайд нарын хурлын нээлтэд үг хэлэв. Тэрбээр үгийнхээ эхэнд Эл Сальвадорын Засгийн газар АОХН-ийг амжилттай даргалж, Сайд нарын 8-р бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэв. Түүнчлэн дэлхий дахинд ардчилал амжилттай бэхжиж, өнгөрсөн 15 жилд Варшавын тунхаглалын зарчимд тууштай байж хүрээгээ өргөжүүлэн тэлсэн төдийгүй ардчиллын үнэт зүйлс, үзэл санаа улам бүр дэлгэрч байна. Гэвч дэлхий дахины ардчилалд сорилт бэрхшээл байсаар байгааг тэмдэглэв. Л.Пүрэвсүрэн сайд цааш нь хэлэхдээ “Энэ нь чухамдаа биднээс ардчиллыг бэхжүүлэх, хамгаалахад өдөр тутмын хүч чармайлтыг шаардаж байгаа юм.
Монгол орон 25 жилийн өмнөөс ардчилал, нээлттэй нийгмийг байгуулах сайхан бөгөөд амаргүй замыг туулж байна. 1990 онд дэлхийн хамгийн хаалттай орны нэг байсан бид өнөөдөр хамгийн нээлттэй орон болжээ. Монголчууд 2015 оны 7 сарын 29 буюу Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явуулсан өдөр 25 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна” хэмээн мэдээлэв. Өнөөдөр монголчуудын олсон амжилт дэлхийн хамтын нийгэмлэгийн тууштай дэмжлэгтэйгээр бий болсон гэдгийг сайд Л.Пүрэвсүрэн тэмдэглэж, Олон улсын хамтын ажиллагааны сангийн хүрээнд ардчиллын замыг сонгосон улс орнуудтай хуваалцаж буйг онцлов.