Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрСАЙД Л.ПҮРЭВСҮРЭН БНСлУ, ЛИТВА, БНЭУ БОЛОН ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРТАЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО

САЙД Л.ПҮРЭВСҮРЭН БНСлУ, ЛИТВА, БНЭУ БОЛОН ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАРТАЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦЛОО

Л.Пүрэвсүрэн сайд Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Лайчактай уулзав

Эл Сальвадор Улсын нийслэл Сан Сальвадорт болсон Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэг /АОХН/-ийн Сайд нарын 8-р бага хуралд оролцож байгаа Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд М.Лайчактай уулзав. Сайд Л.Пүрэвсүрэн энэ жил манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож буйг тэмдэглээд цаашид хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн чухлыг онцлов. Түүнчлэн сайд Л.Пүрэвсүрэн ирэх онд Монгол Улсад зохион байгуулагдах АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад дээд түвшинд төлөөлөгч оролцуулах, хурлын бэлтгэл ажлын хүрээнд хамтран ажиллах, мөн НҮБ-ын байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сайд М.Лайчак АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах болсонд баяр хүргэж, Словакын тал НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2016-2018 оны сонгууль болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын бус гишүүний 2023-2024 оны сонгуульд манай улсыг дэмжихээ илэрхийлэв. Мөн хоёр талын харилцааны хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд зарим гэрээ, хэлэлцээр байгуулах саналыг тавив.

Л.Пүрэвсүрэн сайд Литва Улсын Гадаад хэргийн дэд сайд А.Кривастай уулзлаа

АОХН-ийн Сайд нарын бага хурлын үеэр Л.Пүрэвсүрэн сайд Литва Улсын Гадаад хэргийн дэд сайд А.Кривастай хоёр талын уулзалт хийв. Сайд А.Кривас яриа хэлэлцээний тогтмол механизмыг бий болгох, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах санал тавив. Мөн мал эмнэлгийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц бололцоо буйг тэмдэглэв. Сайд Л.Пүрэвсүрэн эдийн засгийн хамтын ажиллагааг улс төрийн харилцааны түвшинд хүргэхийн чухлыг илэрхийлж,  дэд бүтцийн чиглэлээр ажиллах бололцооны талаар хөндөн ярилцав.

 

Сайд нар  олон улсын байгууллага, түүний дотор НҮБ-ын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд Литвын тал НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2016-2018 оны сонгууль, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын бус гишүүний 2023-2024 оны сонгуульд Монгол Улсыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Л.Пүрэвсүрэн сайд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Төрийн сайд В.Кумар Сингхтэй уулзав

Л.Пүрэвсүрэн сайд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Төрийн сайд В.Кумар Сингхтэй АОХН-ийн хурлын үеэр уулзав. Уулзалтын эхэнд Л.Пүрэвүрэн сайд Монгол, Энэтхэгийн харилцаа шинэ түвшинд гарч, тус улсын Ерөнхий сайд Н.Модигийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол зэрэг олон салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэн гүнзгийрүүлэхээр тохиролцсныг мэдэгдэв. Дээд өндөр түвшний айлчлалын үеэр тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгоход талууд хүчин чармайлт гарган ажиллах талаар сайд нар ярилцав.

 

Энэтхэг Улс 2016 онд Монгол Улс АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг  зохион байгуулахад бүх талаар тусалж, хамтарч ажиллахыг уулзалтын үеэр илэрхийлэв. Мөн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2016-2018 оны сонгуульд Монгол Улсыг дэмжихээ илэрхийлэв.

Сайд Л.Пүрэвсүрэн Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Утотой уулзав

АОХН-ийн Сайд нарын хурлын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Утотой уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав. Уулзалтын үеэр талууд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг аль болох хурдан хүчин төгөлдөр болгох, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

 

Польшийн талтай хамтран Ардчиллын боловсролын асуудлаар арга хэмжээ зохион байгуулав

АОХН-ийн Сайд нарын бага хурлын хүрээнд манай тал БНПУ-ын Засгийн газартай хамтран Ардчиллын боловролын талаар тусгай арга хэмжээ зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, БНПУ-ын Боловсролын дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцон үг хэлснээс гадна ардчиллын боловсролыг бэхжүүлэх чиглэлээр Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулав.

Арга хэмжээний хүрээнд Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, судлаачид ардчиллын боловсролыг дэлгэрүүлэх, бэхжүүлэх талаар нээлттэй ярилцав.