Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летерм энэ 7 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна.
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн И.Летермийг хүлээн авч уулзаж, ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил, цаашид төлөвлөж буй зорилтуудын талаар санал солилцов.
Монгол Улс ардчиллыг хөгжүүлсэн 25 жилийн туршлагаа бусад улстай хуваалцах, хамтарсан сургалт, семинар зохион байгуулах зэргээр ажиллаж байгааг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн дурдаж, энэ чиглэлээрх хамтын ажиллагаагаа цаашид улам бүр гүнзгийрүүлэн өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр бүс нутгийн бусад улстай тухайлбал, Мьянмар, Кыргыз, Афганистан улстай хамтран ажиллаж байгаа талаар мэдээлж, түүнийг улам бүр баяжуулан, өргөжүүлэхийн чухлыг онцлов.
Ардчилсан тогтолцоог бэхжүүлэх чиглэлд Монгол Улс бүс нутгаа тэргүүлэн, хамгийн идэвхтэй, санаачлагатай ажиллаж ирснийг Ерөнхий нарийн бичгийн дарга И.Летерм тэмдэглэж, талархал илэрхийлэв. Хуримтлуулсан туршлага, ололт амжилтаа улам бататгаж тус бүс нутагт ардчиллыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа тэрээр нотлов.
Монгол Улс тус байгууллагын гишүүн орнуудын Зөвлөлийг 2016 онд даргалахтай холбогдуулан эл чиглэлээрх цаашдын хамтын ажиллагааны асуудлаар мөн санал солилцсон байна.