Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож, Монголчуудын сайхан уламжлалын дагуу морин цагт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байгаад баяр хүргэе. Монгол, Хятадын харилцааг цаашид улам өргөжүүлэн бэхжүүлэхэд таны ажил маш чухал. Энэ хариуцлагатай ажлаа амжилттай сайн хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. БНХАУ-тай харилцах, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх, найрсаг хөршийн харилцааг хөгжүүлэн, урт удаан хугацаанд тогтвортой харилцах бодлого бол Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байж ирсэн.
Өнгөрсөн богино хугацаанд манай хоёр орны харилцаа маш эрчимтэй хөгжснийг онцлон тэмдэглэе. Ялангуяа БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцааны ирээдүйн олон асуудлыг ярилцаж, хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан. Хоёр орны харилцаанд түүхэн ач холбогдолтой уг айлчлалын үеэр бид хамтын ажиллагааныхаа ирээдүйн чухал асуудлуудыг ярилцсан бөгөөд одоо үүнийг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай байна. Ингээд танд БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хариуцлагатай, эрхэм, нэр хүндтэй ажилд томилогдож, өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байгаад дахин баяр хүргэе. Та бүхний, Элчин сайдын яамны нийт хамт олны ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе” гэв.
БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин хэлэхдээ “Эрхэмсэг ноён, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд бид бүхнийг хүлээн авч уулзаж байгаад гүнээ талархал илэрхийлье. Юуны түрүүнд БНХАУ-ын дарга Си Зиньпиний чин сэтгэлийн мэндчилгээг танд уламжилъя. Бээжин хотноо ирэх есдүгээр сарын 3-нд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойны арга хэмжээнд та оролцохоор болсонд бид баяртай байгаа бөгөөд ойн арга хэмжээний үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин тантай уулзаж, санал солилцохдоо таатай байх болно.
Би Монголд Элчин сайдаар томилогдон ирсэндээ үнэхээр баяртай байна. Хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө чармайн ажиллана. БНХАУ-ын дарга Си Зиньпиний өгсөн үүрэг даалгаврын дагуу хоёр орны харилцааг улам бүр хөгжүүлэн, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө ажиллах болно” гэв.