Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар энэ оны 9 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай албан ёсны хэлэлцээ хийж, Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн дарга С.Е.Донской, Хөдөө, аж ахуйн сайд А.Н.Ткачев нартай тус тус уулзаж, Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны явцыг дүгнэж, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх шинэ боломжийн талаар санал, мэдээлэл солилцож, хоёр талын хооронд яригдаж ирсэн зарим асуудлыг урагшлуулах, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал, мэдээлэл солилцох болно.