Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

ЭЛЧИН САЙД Т.ЛХАГВАДОРЖ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрийн Лхагвадорж Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Тони Тан Кенг Яам-д 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Истана төрийн ордонд болсон Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолын дараа Элчин сайд Т.Лхагвадоржийг Ерөнхийлөгч Тони Тан Кенг Яам хүлээн авч уулзан, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд Т.Лхагвадорж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг уламжилж 1970 оны 6 дугаар сарын 11-нд  анх хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноор манай хоёр орны найрсаг харилцаа өргөжин хөгжиж, улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхижиж энэ жил дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, Бүгд Найрамдах Сингапур Улсын  тусгаар тогтнолын 50 жилийн түүхт ой тус тус дохиож буй энэ үед Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орж буйдаа баяртай байна гээд Монгол, Сингапурын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид бүх талаар идэвхижүүлэхийн төлөө чармайн ажиллах болно гэдгээ илэрхийлэв.

150731-2-2

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Тони Тан Кенг Яам Элчин сайдаар тохоон томилогдон, үүрэгт ажилдаа орж байгаад Элчин сайд Т.Лхагвадоржид баяр хүргэн, Монгол Сингапурын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр орон боловсрол, соёл, хот дахин төлөвлөлт, санхүү, хөрөнгө оруулалтын салбарт амжилттай хамтран ажиллах талаар ахиц гарж байгааг дурдаад Элчин сайдад ажлын амжилт хүсэв.

Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолд Сингапурын тэргүүн хатагтай Мэри Чээ Бээ Кианг, Элчин сайдын гэргий М.Золжаргал, Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яамны албаны хүмүүс болон Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Г.Уянга, Атташе Б.Тэмүүлэн нар байлцав.

СИНГАПУР ДАХЬ ЭСЯ