Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ-ГЕРМАНЫ НААДАМ БЕРЛИНД 12 ДАХЬ УДААГАА БОЛОВ

МОНГОЛ-ГЕРМАНЫ НААДАМ БЕРЛИНД 12 ДАХЬ УДААГАА БОЛОВ

22

ХБНГУ-ын нийслэл Берлин хотын Шөнэфэлд дүүргийн Вассманнсдорф тосгонд Монгол, Герман иргэдийн найрамдал нөхөрлөлийн наадам энэ оны 7 дугаар сарын 18-нд болж өндөрлөв. Энэ наадмыг анх 2002 онд Шөнефэлд дүүргийн засаг дарга, монголч эрдэмтэн др. У.Хаазэгийн санаачилгаар Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны ивээл дор зохион байгуулж эхэлснээс хойш 12 дахь удаагаа зохион байгуулав.

Наадмын үйл ажиллагааг Элчин сайд Ц.Болор, Вассманссдорф тосгоны захирагч М.Смолински, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Б.Дюкофре нар нээн мэндчилгээ дэвшүүлэв. Түүнчлэн Бранденбург муж улсын Байгаль орчны сайд Ё.Фогелзэнгэр хүрэлцэн ирж наадамчин олонтой мэндчилэв. Нээлтийн ажиллагаанд Шөнэфэлд дүүрэгтэй түншлэлийн харилцаатай нийслэлийн Баянгол дүүргийн ЗДТГ-ын төлөөлөгчид мөн ирж оролцов.

Баяр наадмын талбайд есөн ханат том цагаан өргөө гэр, долоо, таван ханат гэрүүдийг барьж, хөх, цэнхэр асруудыг босгон, бөх, сур харваа, шагай харваа, морь унах талбай засаж, монгол үндэсний хоол хүнс, нэрийн бүтээгдэхүүн худалдаалах үйлчилгээний цэгүүдийг байрлуулсан ба герман анд нөхдийн хүнсний худалдаа үйлчилгээ мөн гарсан болно.

23

Хөрш зэргэлдээ Франц, Бельги, Чех болон Унгар улсаас иргэд хүрэлцэн ирж наадмыг үзэж сонирхов. Ойролцоогоор 500 орчим иргэд оролцсон энэхүү наадмын арга хэмжээний үеэр үндэсний урлагийн “Хөх монгол” хамтлаг, МУГЖ Б.Дашдондог нар хүрэлцэн ирж ая дуугаар мэндчилсэн бол германы дээд шлезийн үндэсний цөөнхийн бүжгийн хамтлаг болон жааз-рок хөгжмийн “руутс & буутс” хамтлаг оролцож тоглосон юм.

Наадмын хүчит бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 4 бөх, залуу 28 бөх, нийт 32 оролцон барилдсан ба шөвгийн дөрөвт Унгараас ирсэн хоёр бөх, Герман, Францад амьдардаг хоёр бөх тус тус шалгарав. Шувтаргын барилдаанд Унгараас ирсэн залуу бөх П.Мөнхтөр, Д.Отгонбямба нар барилдаж П.Мөнхтөр түрүүлэн Берлин-Улаанбаатар-Берлин зорчих МИАТ ХК-ийн тийзээр шагнуулав. Үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүд мөнгөн шагнал хүртэв.

Элчин сайд Ц.Болор наадмын арга хэмжээний үеэр Мюнхен хотод амьдардаг үндэсний урлагийн дуучин, хөгжимчин Ш.Мөнгөнцэцэгт МУСТА цол тэмдгийн гардуулан өгч баяр хүргэн, уран бүтээлийн амжилт хүсэв. Тэрээр мөн Герман-Монголын нийгэмлэгийн ерөнхийлөгч др. Э.Пооль болон гишүүдтэй уулзан, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.

Наадмын ажиллагааг хааж Вассманнсдорф тосгоны захирагч М.Смолински, ЭСЯ-ны зөвлөх, Консулын хэлтсийн дарга Ц.Батмөнх нар үг хэлэн, наадмын зохион байгуулагч нарт болон морь унах, сур харвах, шагай тоглох тоглоомыг наадамчин олонд таниулан сурталчилсан герман, монгол иргэдэд гүн талархал илэрхийлэн баяр хүргэв.

Уг наадмыг хоёр жилийн дараа энэ газарт дахин зохион байгуулах болсныг наадамчин олонд дуулгаснаар наадмын үйл ажиллагаа албан ёсоор өндөрлөв.