Финландын Хельсинки хотноо 2015 оны 3 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо (АСЕАН)-ны Бүсийн чуулга уулзалт (АРФ)-ын Шинжээч, нэр хүнд бүхий хүмүүсийн 9 дүгээр уулзалтыг Европын Холбоо болон Сингапур хамтран зохион байгууллаа. Финландын Гадаад хэргийн сайд Эрки Туамиожа нээж, Сингапурын шинжээч, Элчин сайд Б.Дескер Финландын шинжээч, Элчин сайд Э.Хамило нар хамтран даргалсан уг арга хэмжээнд АРФ-ын гишүүн 26 улсын шинжээчид оролцов.
Энэ удаагийн уулзалтаар Ази, Номхон далайн бүс нутагт урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломж, сорилтууд, АРФ-ын Урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, түүний хэтийн төлөв байдал, энхийн зуучлал ба яриа хэлэлцээ, бүс нутгийн маргаантай асуудлууд, АРФ-ын үйл ажиллагааг сайжруулах, АРФ-ын шинжээч, нэр хүнд бүхий хүмүүсийн бүлгийн үйл ажиллагаа, түүний тогтолцоог шинэчлэх талаар санал солилцож, зөвлөмжүүд гаргасан байна.
Монгол Улсын шинжээч, Элчин сайд Ж.Чойнхор, ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын зөвлөх П.Баасанхүү нар тус уулзалтад оролцов.