Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрБНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сү Ен Монгол Улсад айлчилж байна

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сү Ен Монгол Улсад айлчилж байна

Монгол Улсын Гадаад хэргийн сайдын урилгаар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сү Ен энэ оны 2 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд манай улсад албан ёсоор айлчилж байна.

Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Ри Сү Ен Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт тус тус бараалхаж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийж, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын Зөвлөлдөх комиссын Монголын хэсгийн дарга Р.Бурмаатай уулзана.

Гадаад хэргийн сайд нар яриа хэлэлцээний үеэр хоёр орны улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг, хөдөлмөрийн харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ“ болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, Монгол Улсын Гадаад хэргийн яам, БНАСАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичгийг шинэчлэн байгуулна.

Гадаад хэргийн сайд Ри Сү Ен Пхеньян хотын Олон улсын харилцааны дээд сургууль төгсөж, БНАСАУ-аас Лихтенштейний Вант Улс, Нидерландын Вант Улс, Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, НҮБ-ын Женев дэх төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан, БНАСАУ-ын Хөдөлмөрийн баатар, “Ким Ир Сен”, “Ким Жөн Ир”-ийн одонгоор шагнагдсан, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны гишүүн.

БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЛОНГОС АРД УЛСЫН

ГАДААД ХЭРГИЙН САЙД РИ СҮ ЕН

123