Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж НҮБ-ын Зэвсэг хураах бага хурал /ЗХБХ/-ын 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн бүгд хуралдааныг даргалав. Монгол Улс НҮБ-ын ЗХБХ-ыг 2015 оны 2-3 дугаар сард даргалах буухиаг хүлээн авч ийнхүү ажлаа эхэллээ.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж бүгд хуралдааныг нээж хэлсэн үгэндээ олон улсын энх тайван, аюулгүй байдал, зэвсэг хураах асуудлаарх Монгол Улсын баримталдаг зарчмын байр суурийг илэрхийлж, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, хураах чиглэлээрх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улс НҮБ-ын ЗХБХ-ыг даргалах хугацаандаа цөмийн зэвсгийг хориглон хорогдуулах, хураах – цөмийн зэвсгийг үйлдвэрлэхэд ашигладаг задрагч материалын үйлдвэрлэлийг хориглох, сансрын уудамд зэвсэглэлээр хөөцөлдөхөөс урьдчилан сэргийлэх, цөмийн зэвсгийг үл хэрэглэх, хэрэглэхээр үл заналхийлэх баталгаа олгох зэрэг дөрвөн үндсэн асуудлаар Бага хурлын даргын хувьд албан хэлэлцүүлэг зохион явуулахыг тэрбээр мэдэгдлээ. Түүнчлэн ЗХБХ-ын үйл ажиллагааг урагшлуулахад чиглэсэн тодорхой алхмуудыг гишүүн улс орнуудтай зөвлөлдөн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг мөн мэдээлэв.
Бүгд хуралдааны үеэр Британи, ОХУ, Франц, Австрали, Алжир, Куба, Ирланд, Нидерланд, Испани, Энэтхэгийн төлөөлөгчид Монгол Улс НҮБ-ын ЗХБХ-ыг даргалж буйд баяр хүргэж, Бага хурлын үйл ажиллагааг урагшлуулахад чиглэсэн даргын хүч чармайлтыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
ЗХБХ нь зэвсэг хураах асуудлаар олон талт хэлэлцээ хийх чиг үүрэгтэй НҮБ-ын цорын ганц механизм юм. Тус бага хурлыг 1979 онд зэвсэг хураах сэдвээр хуралдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн анхдугаар тусгай чуулганы шийдвэрийн дагуу байгуулжээ. Анх 40 гишүүнтэй байсан ЗХБХ өдгөө 65 улсыг эгнээндээ нэгтгээд байна. ЗХБХ-ын хүрээнд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, Биологийн, зэвсгийг хориглох, устгах тухай конвенц, Химийн зэвсгийг хориглох, устгах тухай конвенц зэрэг зэвсэг хураах асуудлаарх олон талт томоохон гэрээ хэлэлцээр байгуулагдсан юм. Харин Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг 1996 онд хэлэлцэж дууссанаас хойш ЗХБХ нь зарим гишүүн улсын байр суурь зөрүүтэй байгаагийн улмаас үй олноор хөнөөх зэвсгийг хязгаарлах олон талт гэрээ хэлэлцээр хэлэлцэх үндсэн үйл ажилллагаагаа хэрэгжүүлж чадахгүй зогсонги байдалд ороод байна. Санал зөрүүтэй асуудлаар гишүүн улс орнуудын байр суурийг ойртуулах, яриа хэлэлцээг урагшлуулах чиглэлээр бага хурлыг даргалагч орон санал санаачилга гаргаж, идэвхтэй ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа болно.
Монгол Улс НҮБ-ын ЗХБХ-д 1969 онд нэгдсэн бөгөөд сүүлийн удаа манай улс энэхүү Бага хурлыг 2004 онд даргалсан юм. Энэ хариуцлагатай үүрэг 11 жилийн дараа ээлж ёсоор дахин ногдож байгаа нь олон улсын энх тайван, аюулгүй байдлын гол асуудал болох зэвсэг хураах чиглэлээр Монгол Улсын оролцоо, хувь нэмрийг илтгэн харуулах чухал ажил болох билээ.
ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газар