Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Говь-Алтай аймагт ажиллалаа. Монгол Улсын Засгийн газар жил бүрийн өдийд мал аж ахуйн салбарт өндөр амжилт гаргасан малчид болон тариаланчдыг шагнадаг уламжлалтай. Нийслэл хотоос 1000 км-ын цаана орших Говь-Алтай аймгаас дөрвөн сайн малчин, улсын сайн тариаланч нэг төрөн гарчээ. Малчид энэхүү нэр хүндтэй шагналыг Алтай нутгын уугуул Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс гардан авсан юм.
Энэ жил Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн малчин Б.Төрмөнх, Дэлгэр сумын Баянхонгор багийн малчин П.Доржсүрэн, Есөнбулаг сумын Рашаант багийн малчин Ч.Баярбаатар, Халиун сумын Чацран багийн малчин Б.Мулч нар хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж сайн малчин цолоор энгэрээ мялаалаа. Харин Жаргалан сумын тариаланч Б.Мөнх-Эрдэнэ улсын тэргүүний тариаланч болов. Сайн малчдад шагнал гардуулах үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлэхдээ “Миний бие шинэ тушаалд очоод анх удаа төрсөн нутагтаа ирлээ. Сэтгэл үнэхээр сайхан байна. Засгийн газрын нэрийн өмнөөс энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулах болсондоо баяртай байна” гэв.
Л.Пүрэвсүрэн сайд Говь-Алтай аймагт ажиллахдаа нутгийн зон олонтойгоо уулзаж, санал бодлоо солилцов. Говь-Алтай аймгийнхан ундны устай болсондоо баяртай байлаа. Иймээс Л.Пүрэвсүрэн сайд “Эрүүл ус” усны үйлдвэрээр орж үйл ажиллагаатай нь мөн танилцсан юм. Тэрбээр “ Цаашид усны үйдвэрт бололцооны хэрээр туслалцаа дэмжлэг үзүүлэхийн төлөө ажиллах болно” хэмээлээ.
ГАДААД ХЭРГИЙН ЯАМ