Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаар олон улсын тавцанд идэвхитэй үйл ажиллагаа явуулж, энэ хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотод байгуулах санаачлагыг анх гаргасан билээ. НҮБ болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудын дэмжлэгтэйгээр энэхүү судалгааны төв Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа явуулж байна.
Судалгааны төв нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгардаг нийтлэг асуудлаар судалгаа хийж, хэрэгцээ шаардлагыг олон улсын анхааралд хүргэх, нэгдмэл байр сууриа тодорхойлох, чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм.
“Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т далайд гарцгүй хөгжиж буй 32 орон нэгдэх учиртай бөгөөд Афганистан, Армени, Лаос, Монгол, Нигер, Парагвай, Этиоп Улс хэлэлцээрт нэгдсэн юм.
Манай улстай өргөн хүрээтэй түншлэлийн харилцаатай Казахстан Улс энэхүү хэлэлцээрт нэгдэн орж, батламжаа НҮБ-д саяхан гардууллаа.
Хэлэлцээрт нэгдэж буй орны тоо ийнхүү нэмэгдэх нь Монгол Улсад байгуулагдаж буй анхны олон улсын Засгийн газар хоорондын байгууллага-Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн статусыг баталгаажуулах ач холбогдолтой.
Ирэх арван жилд далайд гарцгүй хөгжиж буй орнууд хэрэгжүүлэх “Венийн 2014-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т Олон улсын судалгааны төвтэй хамтарч ажиллах асуудал тусгагдсан нь энэ байгууллагын үйл ажиллагааг дэмжих замаар олон улсын түвшинд ДГХБО-ын бүлгийн эрх ашиг, байр суурийг судалгаанд тулгуурласан баримт нотолгоотойгоор тайлбарлан таниулах, тэдгээр улсын эрх, ашиг сонирхлыг хамгаалахад бодит ахиц гаргах алхам болсон юм.