Монгол Улсаас Кипр Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав тус улсын Ерөнхийлөгч Никос Анастасиадес-д 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив. Энэ үеэр Элчин сайд Л.Дүгэржав Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Кипр Улсын Ерөнхийлөгчид уламжилж Монгол, Кипр Улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Ирэх жилүүдэд хоёр улсын хооронд өндөр хэмжээнд төлөөлөгчид харилцан солилцох, 2016 онд Монгол Улсад зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байгаа АСЕМ-ийн хуралд Кипр Улсын өндөр, дээд хэмжээний төлөөлөгчдийг оролцуулах, Кипр Улсад суралцах манай оюутнуудын тоог нэмэгдүүлэх, мөн хоёр орны эдийн засаг, далайн тээврийн салбар дахь харилцааг идэвхжүүлэх, хоёр улсаа харилцан сурталчлах ажлын талаар болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.