Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН АЛТАНБУЛАГ-ХИАГТ ОЛОН УЛСЫН БООМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН АЛТАНБУЛАГ-ХИАГТ ОЛОН УЛСЫН БООМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

10957909_817707328294661_7919548837123198666_n

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид Алтанбулаг-Хиагт олон улсын боомтод 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ажиллав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Монгол Улсаас ОХУ-ын Улаан Үд хотод суугаа Ерөнхий консул, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа болон ГХЯ-ны холбогдох газрын захирлууд оров.

Тус боомтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 24 цагийн горимд шилжүүлснээр зорчигчдын тоо ердийн хуваариар ажиллаж байх үеэс 3.6 хувь, тээврийн хэрэгслийн тоо 5.9 хувиар тус тус өсчээ.

Томилолтын үеэр төлөөлөгчид Алтанбулаг боомтын холбогдох байгууллагын дарга нартай зөвлөгөөн хийсний дараа ОХУ-ын Хиагт боомтын үйл ажиллагаатай танилцаж оросын талтай уулзалт хийв. Энэ үеэр үйл ажиллагааны болон Алтанбулаг боомт дээр гарч буй бэрхшээлийн талаар танилцуулга хийж, нөхцөл байдлыг сайжруулах талаар санал солилцов. Тухайлбал, хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсоноос хойш тус боомтын ачаалал ихэссэнтэй холбогдуулан боомтод үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын албан хаагчдын орон тоог нэмэх хүсэлтийг гаргаж байв.

10959833_817704051628322_1092373950483155773_n

Түүнчлэн олон улсын нисэх онгоцны Чингис хаан буудал, Замын-Үүд боомтод Мэргэжлийн хяналтын 5 хяналт (ургамал хорио цээр, хүнс, малын эрүүл мэнд, тээвэр, эрүүл ахуй) ажилладаг жишгийн дагуу Алтанбулаг хилийн боомтод ажиллаж байгаа 4 хяналтын байгууллагыг 5 болгох шаардлагатай байгааг холбогдох байгууллага анхааралдаа авав.

Дээрх асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Монгол, Оросын хил залгаа орон нутгийн засаг захиргааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр улсын хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар ажиллахаар төлөвлөж байна.

ГАДААД ХЭРГИЙН ЯАМ