Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД М.БАТСАЙХАН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ГАРДУУЛАВ

ЭЛЧИН САЙД М.БАТСАЙХАН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ГАРДУУЛАВ

Монгол Улсаас Андоррагийн Хант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр  Андоррагийн Хант Улсын Хамтарсан эрх баригч, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франсуа Олландад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд М.Батсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, Монгол, Андоррагийн харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай салбаруудад хөгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллахаа илэрхийлэв. Андоррагийн Хант Улсын Хамтарсан эрх баригч, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франсуа Олланд Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайд М.Батсайханд ажлын өндөр амжилт хүсэв.

Андоррагийн Хант Улсын Хамтарсан эрх баригч, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч ноён Франсуа Олланд энэ өдөр итгэмжлэх жуух бичгээ гардуулсан гадаад орны Элчин сайд нарт хандан хэлсэн үгэндээ өнгөрсөн долоо хоногт Парис хотод болсон террорист халдлагад амь үрэгдэгсдэд гүн эмгэнэл илэрхийлж, бүх нийтийн жагсаалд оролцон хүндэтгэл үзүүлсэнд  гадаад улс орны төр засгийн тэргүүн нарт болон Элчин сайд нарт Франц Улсын Төрийн тэргүүний хувьд чин сэтгэлийн талархал илэрхийлээд Андорра Улс нь хэдий жижиг газар нутагтай, хүн ам цөөнтэй ч олон улсын тавцанд өөрийн байр суурь, үүргээ гүйцэтгэж чадсан улс болохыг онцолж, харилцан ашигтай, шударга, нээлттэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг Элчин сайд нараас хүсэв.

Элчин сайд М.Батсайхан өнгөрсөн оны 10 дугаар сарын 16-нд  Андоррагийн Хант Улсын Хамтарсан эрх баригч, Урхелийн Хамба Эрхэмсэг Гэгээнтэн Хуан-Энрик Вивес и Сисилиад Итгэмжлэх жуух бичгээ мөн өргөн барьсан болно.

Монгол Улс Андоррагийн Хант Улстай 2011 оны 11 дүгээр сарын 21-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус улсын төрийн тэргүүний үүргийг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч, Испаний Вант Улсын Каталон мужийн Урхелийн Хамба нар хамтран хашдаг. Андорра нь 84 000 гаруй хүн амтай, жилдээ 8 сая орчим жуулчин хүлээн авдаг, аялал жуулчлалын салбар голлосон эдийн засагтай, худалдааны чөлөөт бүс бүхий орон юм.