Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрБҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

БҮГД НАЙРАМДАХ ИНДОНЕЗ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Др.Сусило Бамбанг Юдоёоно 2012 оны 9 дүгээр сарын 5-наас 7-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

БНИУ-ын Ерөнхийлөгч Сукарно 1956 оны 9 дүгээр сард Монгол Улсад айлчилж, улмаар хоёр орон 1959 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Түүнээс хойш хоёр орны төрийн тэргүүн нарын хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1997 онд БНИУ-д, БНИУ-ын Ерөнхийлөгч Мегавати Сукарнопутри 2003 онд Монгол Улсад тус тус айлчилсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНИУ-ын Ерөнхийлөгч Др.Сусило Бамбанг Юдоёоно-той албан ёсны хэлэлцээ хийнэ. Айлчлалын үеэр хоёр тал Монгол-Индонезийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт идэвхжүүлэх асуудлыг хэлэлцэж, хөдөө аж ахуй, соёл зэрэг зарим салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Мөн хоёр тал бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах, харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлнэ.

Монгол Улсын УИХ-ын дарга, Ерөнхий сайд БНИУ-ын Ерөнхийлөгчид тус тус бараалхана.

Ерөнхийлөгч Др.Сусило Бамбанг Юдоёоно айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд зочилж үг хэлэх бөгөөд  Монгол, Индонезийн бизнес уулзалтын нээлтэд оролцох юм.