Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
  • ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ГАДААД ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

     “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын тухай

    Ази тивийн бүс нутгийн орнуудын эрх ашгийг дээдэлсэн, тивийн орнуудын төр засгийн удирдлага, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачдын хүрээнд санал солилцдог байгууллага бий болгох тухай санаачилгыг Филиппиний Ерөнхийлөгч асан Фидель Рамос, Австралийн Ерөнхий сайд асан Боб Хоук, Японы Ерөнхий сайд асан Морихиро Хосокава нар 1998 онд анх дэвшүүлснээр “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт” нэртэй ашгийн төлөө бус байгууллага Хятадын Хайнань мужийн Боаод 2001 онд албан ёсоор байгуулагдсан.

                Эдүгээ Боаогийн чуулга уулзалт нь төр, засгийн удирдагчид, өндөр албаны хүмүүс болон бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид Ази тивийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар ярилцах, мэдээлэл солилцох чухал индэр болоод байна.

    Чуулга уулзалт нь гишүүдийн уулзалт, захирлуудын зөвлөл, зөвлөхүүдийн хороо, нарийн бичгийн дарга нарын газар, судалгааны институт гэсэн зохион байгуулалтын бүтэцтэй. Боао Азийн форумын Нарийн бичгийн дарга нарын газар Бээжин хотод байрладаг.

    Жил бүрийн 4 дүгээр сард Боаод болдог жилийн уулзалт (annual meeting) нь чуулга уулзалтын хүрээнд болдог гол үйл явдал нь юм. Жилийн уулзалтад БНХАУ зэрэг 10 орчим орны төр, засгийн удирдлага оролцдог уламжлалтай.

    Энэ жилийн уулзалт 2021 оны 4 дүгээр сарын 18-21-ний өдөр “Дэлхийн өөрчлөлтүүд: Дэлхийн засаглалд оролцож, “Бүс ба Зам” санаачилгатай дуу хоолойгоо нэгтгэх нь” (A World in Change: Join Hands to Strengthen Global Governance and Advance Belt and Road Cooperation) сэдвийн дор болно. Ковид-19 цар тахлын улмаас энэ энэ жилийн уулзалт цахимаар зохион байгуулагдана.

    Уулзалтад БНХАУ-ын удирдлагаас гадна Шри Ланка, Казахстан Улсын Ерөнхийлөгч, Камбожийн Хаант Улсын Ерөнхий сайд, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга, Олон улсын валютын сангийн тэргүүн тус тус оролцоно. /3 дугаар сарын 31-ний байдлаар/

    Монгол Улс нь тус чуулга уулзалтын санаачилагч анхны 26 орны нэг бөгөөд Ерөнхийлөгч асан П.Очирбат санаачилагч гишүүдийн нэг юм. Манай улс 2001 оноос хойш тус чуулга уулзалтын үйл ажиллагаанд тодорхой түвшинд оролцож ирсэн. Тухайлбал, Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2008 онд, Ерөнхий сайд С.Баяр 2009 онд, Ерөнхий сайд С.Батболд 2010 онд, УИХ-ын дарга З.Энхболд 2013 онд, У.Хүрэлсүх 2018 онд чуулга уулзалтын жилийн уулзалтад тус тус оролцож байсан. Манай удирдагчид жил бүрийн уулзалтад оролцохын зэрэгцээ оролцогч орнуудын төр, засгийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж ирсэн болно.

    Түүнчлэн, 2019 онд Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Азийн төлөөх Боао форум зэрэг байгууллага хамтран бүс нутгийн 10 гаруй орон, олон улсын байгууллагын 300 гаруй төлөөлөгч оролцсон “Улаанбаатарын бага хурал”-ыг Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулсан.

  • ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГА

    Нэг. Байгууллагын үйл ажиллагаа, зорилтын тухай

    1.1 Байгууллагын тухай ерөнхий ойлголт

    1948 онд байгуулагдсан Европын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад АНУ болон Канад Улс нэмэгдэн 1960 оны 12 дугаар сард Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (The Organisation for Economic Co-operation and Development –OECD)-ын конвенцид гарын үсэг зурж, 1961 оны 9 дүгээр сард тус байгууллага албан ёсоор байгуулагдсан байна.

    ЭЗХАХБ нь дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн салбарт тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх бодлого боловсруулах зорилготой байгуулагджээ. Одоогоор дэлхийн өндөр хөгжилтэй 37 орон ЭЗХАХБ-ын  гишүүн бөгөөд Бразил, БНХАУ, Энэтхэг, Индонези, ӨАБНУ-тай өргөн харилцаатай ажиллаж байна. Тус байгууллагын гишүүн улсууд дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтын 80 орчим хувийг эзэлж, дэлхийн эдийн засгийн хөгжилд тулгарч буй бэрхшээлийг даван туулахад гол үүргийг гүйцэтгэж байна.

    ЭЗХАХБ-аас гишүүн орнуудын дунд форум зохион байгуулж, эдийн засгийн бодлогын асуудлаар туршлага солилцон, худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ болон бүтээмжийн талаар судалгаа хийж, бүтээгдэхүүний ирээдүйн төлөв байдлыг хэлэлцэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, татвар, түүнчлэн химийн бүтээгдэхүүний аюулгүй байдлын олон улсын стандартыг тогтоох зэрэг маш өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж, үнэ цэнэтэй бодлогын зөвлөмжүүдийг гаргадаг.

    Түүнчлэн ЭЗХАХБ нь гишүүн болон гишүүн бус орнуудад богино, дунд хугацааны эдийн засгийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж, түүнд үнэлэлт дүгнэлт өгдөг бөгөөд тухайн оронд ямар чиглэлд төсөл хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар судалгаа, мэдээллийг цуглуулж дүгнэлт хийн төслийг хэрэгжүүлдэг байна.

    1.2 Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

    ЭЗХАХБ нь дараах 5 тэргүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

    • Улс орнуудын Засгийн газраас холбогдох дүрэм журам, засаглалыг сайжруулах замаар зах зээл, компаниуд болон байгууллагуудад итгэл төрүүлэх;
    • Засгийн газраас тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор төсвийн зохистой зарцуулалтыг хангах;
    • Инноваци, байгаль орчинд ээлтэй “ногоон өсөлт”-ийн стратегийг боловсруулж, эдийн засгийн өсөлтийн шинэ хүчин зүйлсийг эрэлхийлэх;
    • Инноваци болон өсөлтийг хангахын тулд бүх насны иргэдийн чадавхийг бэхжүүлж, ажилдаа үр дүнтэй, сэтгэл ханамжтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх;
    • Олон нийтийн оролцоотой өсөлт, тогтвортой хөгжлийг хөгжиж буй орнуудад нэвтрүүлэх зэрэг болно.

    ЭЗХАХБ улс орнуудын төр засагт дараах асуудлаар туслалцаа үзүүлэхэд анхаардаг. Үүнд:

    1. Төрөөс компаниудын үйл ажиллагаа эрхлэх зах зээлийн таатай нөхцлийг бүрдүүлэхэд шаардлагатай дүрэм журмыг боловсронгуй болгох, улс төр, бизнесийн бүхий л салбарт үр дүнтэй засаглалыг хэрэгжүүлэх,
    2. Төр нь эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурь болсон чадавхтай төсвийг бүрдүүлэх,
    3. Шинэ санаачилга, хүрээлэн байгаа орчинд ээлтэй бодлого, эрчимтэй хөгжиж буй эдийн засгийн хөгжлийн өсөлтийг дэмжиж, хөгжүүлэх арга замыг эрэлхийлэх,
    4. Энэ бүхний үндсэн дээр бүх насны иргэдийн ажлын үр дүн, туршлагыг нэмэгдүүлж, цаашдын ажилдаа сэтгэл хангалуун байх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг юм.

    Хоёр. Монгол, ЭЗХАХБ-ын хамтын ажиллагаа

    2.1 Санхүү, татварын асуудлаарх хамтын ажиллагаа

    • Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр /BEPS/

                ЭЗХАХБ-ын “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр” (Base erosion and profit shifing-BEPS)-өөс дэлхийн улс орнуудад уриалга гаргаж, 120 орчим улс уг жагсаалтад нэгдэхээ илэрхийлсэн бөгөөд манай улс уг уриалгад нэгдээгүйн улмаас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ЕХ-ны “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-д орж байсан удаатай. Улмаар тэр ондоо ЭЗХАХБ-ын BEPS хөтөлбөрийн гишүүнээр элсэж Татварын асуудлаар харилцан захиргааны туслалцаа үзүүлэх тухай олон талт конвенцид нэгдэх үүргийг хүлээснээр уг жагсаалтаас 2018 оны 01 дүгээр сард гарч байсан.

                Европын Холбооны өмнө хүлээсэн үүргийн хүрээнд “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг Монгол Улсын Их Хурал 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр соёрхон баталж, тус конвенц 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байна.

    Европын Холбооны Эдийн засаг, сангийн сайд нарын Зөвлөл 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хуралдаж, Монгол Улсыг Европын Холбооны өмнө хүлээсэн бүх үүрэг амлалтаа биелүүлж, “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон баталсныг сайшааж, “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-ын хяналтанд байлгах “саарал жагсаалт”-аас Монгол Улсыг албан ёсоор гаргахаар шийдвэрлэжээ.

    Татвар болон “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр”, “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ын асуудлыг ЭЗХАХБ-ын Татварын бодлого, захиргааны төв хариуцдаг бөгөөд манай улсын Сангийн яамтай шууд харилцах байдлаар хамтын ажиллагааг хөгжүүлж байна.

    • Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/

                Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ) нь ЭЗХАХБ-ын тусгай байгууллага бөгөөд бие даасан, хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг.

                ФАТФ-ын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу “саарал жагсаалт”-ад оруулсан. Манай улс нэг жилийн хугацаанд холбогдох зөвлөмжийг амжилттай биелүүлж ажилласан тул 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг жагсаалтаас гарсан.

                Монгол Улсыг ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн бүлэг хариуцдаг бөгөөд манай улсын Монголбанк, Сангийн яам, ТЕГ-ын холбогдох албатай хамтран ажилладаг.

    2.2 Авилгатай тэмцэх асуудлаарх хамтын ажиллагаа

    Зүүн Европ, Төв Азийн авлигын эсрэг сүлжээ нь 1998 онд байгуулагдсан бөгөөд гишүүн улсуудын авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагджээ. Тус сүлжээ нь бүс нутгийн уулзалт, семинар, харилцан суралцах хөтөлбөр, сэдэвчилсэн төслөөр дамжуулан авлигатай тэмцэх үйл ажиллагаа, мэдээлэл солилцох, сайн туршлагыг боловсруулах, донорын зохион байгуулалт хийх арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх бүс нутгийн форум юм. Түүнчлэн Авлигын эсрэг сүлжээ нь Истанбулын авлигын эсрэг арга хэмжээний төлөвлөгөөг зохион байгуулах төвийн үүргийг гүйцэтгэдэг. Тус сүлжээнээс зохион байгуулдаг олон улсын форумд манай улсын АТГ-ын төлөөлөл идэвхитэй оролцож ирсэн.

    Истанбулын авлигын эсрэг арга хэмжээний төлөвлөгөө нь 2003 оноос эхэлж Авлигын эсрэг сүлжээний дор хэрэгжиж байгаа бус нутгийн улсууд харилцан үнэлгээ хийх хөтөлбөр юм. Энэхүү төлөвлөгөө нь Армени, Азербайжан, Гүрж, Киргизстан, Казахстан, Монгол, Тажикстан, Украин, Узбекистан улсуудад хэрэгжиж байгаа авилгын эсрэг шинэтгэлийн арга хэмжээнд харилцан үнэлгээ хийх замаар дэмжлэг үзүүлж, Авлигын эсрэг НҮБ-ын конвенц болон бусад олон улсын стандарт, сайн туршлагыг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор оролцогч улсуудын холбогдох зөвлөмжийн хэрэгжилтэд тасралтгүй үнэлгээ хийдэг. Уг хөтөлбөрийн 4 дүгээр үе шатын хүрээнд Монгол Улсын авилгын эсрэг шинэтгэлд үнэлгээ хийж холбогдох тайланг гаргажээ.

    2.3 Зам тээврийн чиглэлээр

    ЭЗХАХБ-ын дэргэдэх Олон Улсын тээврийн форум нь олон улсын болон бүс нутгийн түвшинд газрын тээврийг хамгийн оновчтой хөгжүүлэх арга хэмжээг авах, тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоотой олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, зохицуулах, энэ салбарын үйл ажиллагааг эрхлэх байгууллагуудын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой бөгөөд нийт 62 орон тус байгууллагад гишүүнчлэлтэй ажээ.

    Манай улс 2020 оны 6 дугаар сард ОУТФ-ны гишүүнчлэлээр элссэн бөгөөд гишүүн болсноор дамжин өнгөрөх тээвэрт учирч буй саад, бэрхшээл буурах төдийгүй тулгарч буй асуудлыг олон улсын түвшинд Тээврийн сайд нартай хамтран шийдвэрлэх боломж бүрдэх юм.Тухайлбал:

    • Монголын тээвэрчид Европын улс орнууд руу тээвэрлэлт гүйцэтгэх, Европын зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх эрх зүйн зохицуулалт бий болох;
    • Тээврийн хэрэгслийн жолоочийн ажил, амралтын дэглэмийг зохицуулах, жолооч ба тээврийн хэрэгслийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын үеийн хохирлыг барагдуулах, олон улсын даатгалын системийг бүрдүүлэх зэрэгтэй холбогдсон олон улсын гэрээ, конвенцид нэгдэх, хамтран хэрэгжүүлэх;
    • Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөх;
    • Бүс нутгийн хэмжээнд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх;
    • Тээвэрлэлтийн зардал, хил, гаалийн хүндрэл, саатал буурч, цаг хугацаа, эдийн засгийн хувьд олон талын ач холбогдолтой байна.
    • Тээврийн дэд бүтцийг барьж байгуулах, тээврийн салбарт хөрөнгө оруулалтыг татах зорилгоор техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлэх;
    • Хил, гааль, цагдаа, тээврийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагааг уялдуулах, бичиг баримтыг нэгтгэх;
    • Дэвшилтэт техник технологийг ашиглан олон улсын  тээврийн хяналтын системд нэгдэх, түүгээр дамжуулан мэдээлэл солилцох зэрэг боломж, нөхцөлүүд бий болно.

    Тээвэр ашиглалт, тээврийн осол, гэмтэл, салбарын хөрөнгө оруулалт, тээвэр, замын хөдөлгөөний урьдчилсан төлөвлөлт болон тээвэртэй холбоотой бусад асуудлын статистикийн чухал эх үүсвэр нь энэхүү форум болдог.

    Олон улсын тээврийн форум нь өөрийн дүрмийн дагуу ХБНГУ-ын Лайпциг хотноо жил бүр зохион байгуулагддаг бөгөөд 2020 оны форум 12 дугаар сард онлайн хэлбэрээр болж Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар оролцож, үг хэлэв.

                2.4 Худалдаа, эдийн засгийн чиглэлээр

    • Евразийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хөтөлбөр

    ЭЗХАХБ нь 2008 онд Евразийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд уг хөтөлбөр нь Зүүн Европ[1] болон Төв Азийн[2] улс орнуудад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Төслийн хүрээнд ЭЗХАХБ-аас судалгааны тайлан гаргадаг бөгөөд тайландаа тус байгууллагын гишүүн орнууд болох өндөр хөгжилтэй, өрсөлдөх чадвар сайтай улс орнуудын тэргүүний туршлагыг бусад улс орнуудад хэрхэн нэвтрүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга замын талаар зөвөлгөө өгдөг ажээ.

    ЭЗХАХБ-ын Евразийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хөтөлбөрийн дарга Антонио Сомма /Antonio Somma/-тай УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Л.Болд 2013 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Парис хотноо уулзаж хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцаж байжээ.

    ЭЗХАХБ-аас жил бүр зохиогддог “Евразийн долоо хоног” чуулга уулзалт арга хэмжээнд 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан, 2015 онд Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, 2016 онд ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэн, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн ахлах зөвлөх асан Н.Энхбаяр, 2017 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Даваасүрэн нар тус тус оролцож байжээ.

    Евразийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэг чухал хэлбэр нь уулзалт, форум бөгөөд ЭЗХАХБ-ын гишүүн болон бусад улс орны туршлагаас хуваалцах, мэдээлэл болон санал солилцох өргөн боломжуудыг хурал оролцогчдод олгодог байна. Өнгөрсөн онд цар тахал гарсантай холбогдуулан Евразийн хэлтсээс уг хүндрэлийг Төв Азийн улс орнууд хэрхэн даван туулж байгаа, тэдгээрийн амжилттай хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаарх туршлагаас хуваалцах зорилгоор “Ковид-19 цар тахлын үед Төв Азийн улс орнуудад хувийн салбарыг дэмжих нь” сэдэвтэй вебинарыг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан. Уг хуралд монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, олон улсын зам тээврийн салбар, жолооч нарын эрүүл мэндийн асуудал зэрэг үүсч буй хүндрэл, шийдэх шаардлагатай асуудлуудын талаар саналаа хуваалцсан.

    • Монгол Улсын БЖДҮ-үүдийг дэмжих чиглэлээр

    ЭЗХАХБ-ын Евразийн өрсөлдөх чадварыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ЭЗХАХБ нь бичил, жижиг, дунд үйлдвэрүүд (БЖДҮ)-ийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах талаар 2016 онд Монгол улсын Засгийн газартай хамтран ажилласан.

    Төслийн хүрээнд төр-хувийн хэвшлийн ажлын хэсэг 2016 онд байгуулагдаж БЖДҮ-үүдийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах бодлогын зөвлөмжүүд боловсруулж гаргасан байна. Эдгээрт:

    Зөвлөмж 1. Бичил, жижиг, дунд үйлдвэрүүд (БЖДҮ)-ийн талаар уялдаа холбоотой мэдээ мэдээлэл цуглуулж түгээх.

    Зөвлөмж 2. ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангийн бүтээгдэхүүнүүдийг төрөлжүүлж олшруулах.

    Зөвлөмж 3. Монгол улсын Зээлийн батлан даалтын сан (ЗБДС)-гийн үр дүнтэй байдлыг дээшлүүлэх замаар барьцаа хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх.

    Зөвлөмж 4. Зээлийн өргөдөл боловсруулах захиргааны дүрэм журмыг хялбарчилж хөнгөвчлөх.

    Зөвлөмж 5. Олон нийтийн санхүүгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрт БЖДҮ-т чиглэсэн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх стратеги тусгах замаар БЖДҮ-үүдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зэрэг болно.

    Дээрх зөвлөмжүүдийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, зорилгоор 2017, 2018 онд хэд хэдэн удаагийн уулзалт, сургалтуудыг хийж,  хэрэгжилтэд хянталд тавих зорилгоор 2019 онд Франц, Польш улсын экспертүүд оролцсон 2 удаагийн хяналт шинжилгээний семинарыг манай улсад зохион байгуулжээ. Уг хяналт шинжилгээний дүнгээр Монгол улс БЖДҮ-ийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах бодлого, арга хэмжээний талаар ахиц дэвшил гаргаж байгаа ч, төрийн дэмжлэгтэй санхүүгийн арга хэрэгслүүд нь ААН, компаниудад үзүүлэх шууд нөлөө нь бага байна гэсэн үнэлгээг өгчээ.

    Монгол улс нь ЖДҮ-ийн зохицуулалтын орчинг болон ЖДҮ-ийн тодорхойлолтыг шинэчилж байгаа ч, эдгээр шинэчлэл, нэмэлт өөрчлөлт нь ердөө батлагдаад удаагүй, ЖДҮХС-гийн засаглалын бүтэц, үйл ажиллагааг шинэчлээгүй нь өмнө дурдсан авилгын хэрэг дуулиан гарахад нөлөөлсөн байж болох талтай гэж дүгнэжээ. Дэлхийн цар тахлын улмаас эдийн засагт үзүүлэх сөрөг үл нөлөөг багасгах, цаашид БЖДҮ-үүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд ЗБДС, ЖДҮХС-гийн шинэчлэлийг зохистой байдлаар хийх, мөн зээл олгож буй банкуудтай  түншлэлийн харилцааг сайжруулах тухай зөвлөмжийг өгчээ.

    Аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн хүртээмжийг дээшлүүлэх шинэчлэлт буюу энэ чиглэлээр Монголын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, мэдээлэл солилцох вебинарыг ЭЗХАХБ-аас 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулсан. Уг онлайн хуралд монголын талаас ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр, ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцож Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулж, бусад улсын адил төстэй байгууллагуудын удирдлагуудтай харилцан мэдээлэл солилцов.

    Жижиг, дунд үйлдвэрийн газрын хүсэлтээр ЭЗХАХБ-аас “Монгол Улсын эдийн засгийг сэргээх, ЖДҮ-үүдэд дэмжлэг үзүүлэх нь” сэдвээр 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр вебинар зохион байгуулж, цар тахлын үед гадаадын улс орнууд ЖДҮ-үүдийг хэрхэн дэмжих чиглэлээр явуулж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЭЗХАХБ-аас хийсэн судалгааг  танилцуулж, судалгаанд үндэслэн цаашид авах арга хэмжээний талаар зарим зөвлөмжийг өгөв. Уг хуралд ВpiFrance (Францын зээлийн батлан даалтын сан)[3] байгууллагынхаа талаар болон санхүүгийн нэг цонхны үйлчилгээ /one stop shop/-ний талаар танилцуулж, монголын батлан даалтын зээлийн санг тус байгууллагын загвараар ажиллах зөвлөмжийг өгөв.  Цаашид энэ чиглэлээр ЖДҮГ-тай хамтран ажиллахаар тохиролцсон.

    2.4 Цаашид авах арга хэмжээ, хамтын ажиллагааны чиглэлээр

    Шадар сайд асан Ө.Энхтүвшин 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр БНФУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр ЭЗХАХБ-ын Евразийн хэлтсийн дарга Уильям Томпсоны хүсэлтээр ЭСЯ-ны байранд хүлээн авч уулзсан. Энэ үеэр У.Томпсон Шадар сайдад “Евразийн долоо хоног” чуулга уулзалтад оролцох урилгыг гардуулсан бөгөөд монголын талын санаачилгаар “ЖДҮ-үүдийн эрх зүй, бизнесийн орчинг сайжруулах” чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх асуудлыг судлан үзэхээр тохиролцов. Өнгөрсөн онд цар тахал гарсантай холбогдуулан “Евразийн долоо хоног” чуулга уулзалт 2021 оны 10 дугаар сар хүртэл хойшлогдсон.

    Манай улстай цаашид хамтран хэрэгжүүлэх төслийн талаар хэлэлцэхээр Евразийн хэлтсийн дарга У.Томпсон Шадар сайдын Зөвлөх Л.Саянаа болон Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинд захиа хүргүүлээд байна.

    [1] Армен, Азербайжан, Беларусь, Гүрж, Молдав, Украин зэрэг улсуудыг хамруулдаг.

    [2] Монгол, Афганистан, Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистан улсуудыг хамруулдаг.

    [3] BpiFrance нь зээлд батлан даалт хийх, зээл олгох, эрсдлийн даатгал үзүүлдэг цогц санхүүгийн үйчилгээ үзүүлдэг 50 хувийн төрийн өмчит компани юм. Францын Эдийн засаг, сангийн яам, ЭЗХАХБ-аас үйл ажиллагааг нь бодлогоор дэмждэг, БНФУ-аас Монгол Улсад суугаа худалдааны атташе нь суурин төлөөлөгчөөр ажилладаг. 2019 оны 10 дугаар сард монголын ЗБДС-ийн гүйцэтгэх захирал тэргүүтэй төлөөлөгчид Франц улсад ажлын айлчлал хийх үеэр BpiFrance-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. BpiFrance компанийн зүгээс үйлчилгээгээ төлбөртэй үзүүлнэ гэсэн тул ЗБДС-тай хамтын ажиллагаа зогсонги байдалд ороод байна.

  • Монгол Улс, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын хамтын ажиллагааны тухай

    Empty section. Edit page to add content here.