Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх

Тайлбар

  • 1. МОНГОЛ УЛС БА НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛ

    1. Монгол Улс ба  НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл

    НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нь дэлхий дахинаа хүний эрхийг дээдлэх, хамгаалах, хүний эрхийг хангах асуудлыг хэлэлцэж, энэ зорилтоо хэрэгжүүлэхэд чиглэсэн шийдвэр, зөвлөмж баталдаг. Тухайлбал, 1) Дэлхийн бүх улсыг хамарсан Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлэг (Universal Periodic Review-UPR)-ийн хүрээнд НҮБ-ын гишүүн улс бүрийн хүний эрхийн байдлыг хянан хэлэлцэж, үнэлгээ өгөхийн зэрэгцээ цаашид анхаарах асуудлаар зөвлөмж өгөх, 2) хүний эрхийн зөрчлийг олон улсын хамтын нийгэмлэгийн анхааралд хүргэж, түүнийг шийдвэрлэх арга хэмжээ авах, 3) хүний эрхийг хамгаалах олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх талаарх гишүүн орнуудын чадавхийг бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх, 4) хүний эрхийн асуудлаарх олон улсын эрх зүйг боловсронгуй болгох чиглэлээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейд зөвлөмж танилцуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Хүний эрхийн зөвлөл ажлаа Ерөнхий Ассамблейд тайлагнана.

    НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 60/251 дүгээр тогтоолоороо НҮБ-ын гишүүн 47 улсын бүрэлдэхүүнтэй Хүний эрхийн зөвлөл байгуулахаар шийдвэрлэсэн. Хүний эрхийн зөвлөл нь жил бүрийн 3 дугаар сар (4 долоо хоног), 6 дугаар сар (3 долоо хоног), мөн 9 дүгээр сард (3 долоо хоног) Швейцарийн Женев хотноо хуралддаг.

    Дэлхий дахинаа зэвсэгт мөргөлдөөн, тогтворгүй байдал газар авч, байгалийн гамшигт үзэгдэл гарах тохиолдол мэдэгдэхүйц нэмэгдэж, орлогын ялгаа, ядуурал дорвитой буурахгүй байгаа зэргээс үүдэн олон сая хүн эрүүл мэнд, амь насаараа хохирох, гэмтэх, эх нутгаасаа дүрвэх, эрх ашгаа хамгаалах, хамгаалуулах боломжгүй нөхцөлд байгаа нь хүний эрхийг эрхэмлэх, хамгаалах үйл хэргийг хэзээ хэзээнээсээ илүү чухалчлах, үүнтэй холбогдон Хүний эрхийн зөвлөлийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байна.

    Монгол Улс хөгжлийнхөө бодлогын төвд хүний эрхийг чухалчилдаг бөгөөд хуулийн засаглал, хүний эрх, ардчилал харилцан уялдаатай бэхжиж, хөгжих учиртай гэж үздэг. Ийм ч учраас Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор Монгол Улсад хүний амьд явах эрх, эрх чөлөө, аюулгүй байдал, боловсрол, соёл, эрүүл мэнд, хувийн нууцтай байх, мөн шашин шүтэх, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, шилжин суурьших зэрэг эрхийг хамгаалсан.

    Монгол Улс хүний эрхийг хамгаалахад чиглэсэн олон улсын 30 орчим гэрээ, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 20 гаруй конвенцод нэгдсэнээс гадна  олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн тухай Женевийн 4 конвенцын оролцогч тал болсон.

    Хүний эрхийг дээдлэх, хамгаалах нь хүн төрөлхтний үнэт зүйл бөгөөд тогтвортой байдал, хөгжил цэцэглэлийн бат бэх үндэс суурь учир хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйл хэргийг дэлгэрүүлэх нь улс орон бүр, иргэн бүрийн эрхэм үүрэг, хариуцлага юм. Энэ ч үүднээс Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутаг, олон улсын хэмжээнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд хувь нэмрээ оруулах эрмэлзлээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.1.2 дугаар зүйл, Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын 10, 13 дугаар зүйл, мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2011 оны №05 тогтоолын 9 дүгээр зүйлд заасан зорилт, чиглэлийг тус тус үндэс болгож Хүний эрхийн зөвлөлийн 2016-2018 оны гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа 2012 оны 1 дүгээр сарын 9-нд албан ёсоор мэдэгдсэн.

    Хүний эрхийн асуудлын агуулга, ач холбогдлоос хамаарч Хүний эрхийн зөвлөлийн сонгууль нэн өрсөлдөөнтэй болдог бөгөөд Монгол Улс бодлого байр сууриа сурталчлах, улс орнуудын дэмжлэгийг авах чиглэлээр 2012-2015 он хүртэл идэвхтэй, шургуу ажилласны дүнд 2015 оны 10 дугаар сарын 28-ний өдөр Нью- Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд манай улс НҮБ-ын гишүүн 172 орны саналыг авч, Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр анх удаа сонгогдсон.  Хүний эрхийн зөвлөл дэх Ази, Номхон далайн бүлэгт ногдож буй 5 суудлын төлөө нийт 7 орон өрсөлдсөн бөгөөд Монгол Улс авсан саналынхаа тоогоор бүлгийнхээ хэмжээнд тэргүүлсэн.

    Хүний эрхийн зөвлөлийн 2016-2018 оны гишүүний сонгуульд нэрээ дэвшүүлж, сайн дурын үндсэн  дээр авсан үүрэг амлалт

    Монгол Улс ийнхүү бүлгээсээ хамгийн олон саналаар сонгогдсон нь манай улсын олон улсын нэр хүндийн бодит илэрхийлэл болсон гэж үзнэ. Монгол Улс Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр 2016-2018 онд ажиллахдаа дараах чиглэлд тэргүүлэх ач холбогдол өгсөн. Үүнд:

    • Жендэрийн тэгш байдлыг хангах;
    • Хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах;
    • Хүн худалдаалахтай тэмцэх;
    • Арьс өнгө, хүйсээр үл ялгаварлах үзэл санааг дэмжих;
    • Цаазаар авах ялыг халах;
    • Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжих;
    • Эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжих зэрэг чиглэл багтана.

    Монгол Улс Хүний эрхийн зөвлөлийн “Цаазаар авах ялыг халах” болон “5 хүртэлх насны хүүхдийн урьдчилан сэргийлж болохуйц эндэгдэл болон өвчлөл” тухай тогтоолын үндсэн санаачлагчдын нэг бөгөөд тогтоолын үзэл санааг дэлгэрүүлэх, дэмжигчдийн бүлгийг өргөжүүлэхийн төлөө хүч чармайлт тавьж ажилладаг.

    Мөн Зөвлөлийн гишүүн болохдоо авсан үүрэг амлалттайгаа уялдуулан Хүний эрхийн зөвлөлийн тогтоол, шийдвэр, тухайлбал “Хүүхдийн эрх: 2030 оны Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүүхдийн эрхийг хамгаалах тухай”, “Сурч боловсрох эрхийн тухай”, “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүхий л хэлбэрийг устгахад чиглэсэн хүчин чармайлтыг нэмэгдүүлэх тухай: эрэгтэйчүүд болон хөвгүүдийг бүх эмэгтэйчүүд болон охидын эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд оролцуулах тухай”, “Хүний эрхийн зөвлөл болон түүний “Ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг” механизмын үйл ажиллагаан дахь хууль тогтоох байгууллагын оролцооны тухай”, “Олон улсын болон бүс нутгийн хүний эрхийн гэрээний механизмтай хамтран ажиллах, үндэсний тайлан илтгэл боловсруулах, тайлан илтгэлийн мөрөөр гарсан зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний хүний эрхийн механизмыг дэмжих олон улсын хамтын ажиллагааг урагшлуулах тухай” тогтоолд тус тус хамтран зохиогчоор оролцсон.

    Монгол Улс Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр ажилласнаар хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, олон улсын хэмжээнд шийдвэр гаргах түвшинд ажиллах боломж бүрдсэн юм.

  • 2. Хүний эрхийн зөвлөлийн хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй тусгай бүтэц (Special procedures and mandate holders)-тэй явуулж буй хамтын ажиллагаа

    Монгол Улс Хүний эрхийн зөвлөлийн хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй тусгай бүтэц, механизмын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж хамтран ажиллахыг эрмэлздэг бөгөөд 2004 онд эдгээр тусгай бүтцэд Монгол Улсад тааламжтай үедээ айлчлах нээлттэй урилга хүргүүлсэн.

    Энэ хүрээнд 2004-2022 онуудад дараах тусгай бүтэц Монгол Улсад айлчилж ажилласан. Үүнд:

    2004НҮБ-ын Хоол хүнсээр хангагдах эрхийн асуудлаарх Тусгай илтгэгч
    2005НҮБ-ын Эрүүдэн шүүхийн асуудлаарх Тусгай илтгэгч
    2009НҮБ-ын Сурч боловсрох эрхийн асуудлаарх Тусгай илтгэгч
    2012НҮБ-ын Хүний эрх болон үндэстэн дамнасан корпораци, бусад бизнесийн байгууллагын асуудлаарх Ажлын хэсэг
    2012НҮБ-ын Нэн ядуурал болон хүний эрхийн асуудлаарх Тусгай илтгэгч
    2017НҮБ-ын Хүний эрх болон хүрээлэн буй орчны асуудлаарх Тусгай илтгэгч
    2018НҮБ-ын Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн асуудлаарх Тусгай илтгэгч
    2019НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчийн асуудлаарх Тусгай илтгэгч
    2019НҮБ-ын Улсын гадаад өр хүний эрх, тэр дундаа эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ бүрэн эдлэхэд үзүүлэх нөлөөллийн асуудлаарх Бие даасан шинжээч
    2021НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаарх Тусгай илтгэгч
    2022НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсэг