Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэн хамтран “Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе ба хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулав.
Хурлын нээлтийн ажиллагаанд УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх С.А.Краминцев нар оролцон үг хэлэв.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хэлсэн үгэндээ хоёр улсын хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны үзэл санааны дагуу нийгмийн харилцааны бүхий л салбарыг хамран амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагаа тогтвортой урагшлан хөгжихөд хоёр улсын үе үеийн парламентчдын анхаарал, хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэв.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин хэлсэн үгэндээ дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэх Хамтарсан төлөвлөгөөний дагуу улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг салбарын 92 арга хэмжээг тусгасан хамтарсан төлөвлөгөөг хоёр улсын төр, засгийн байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрууд, орон нутгийн захиргаа хэрэгжүүлж буйгаас гадна хоёр улсын иргэд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдийн санаачилгаар илүү олон арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд оны үлдсэн хугацаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд, хүндэтгэлийн хүлээн авалт, урлагийн тоглолт, сэтгүүлчдийн чуулга уулзалт, 100 жилийн ойд зориулсан маркийн нээлт зэрэг арга хэмжээг хоёр улсад зохион байгуулахаар төлөвлөж байгааг тэмдэглэв.
Хоёр улсын харилцааны түүхийн талаарх тоймтой ойлголтыг олон нийт, эрдэмтэн судлаачид, оюутан сурагчдад өгөхөд ГХЯ-ны зүгээс анхаарал хандуулан эрдэм шинжилгээний байгууллагууд, Монголын орчуулагчдын холбоотой хамтран “Монгол, Оросын харилцааны он цагийн товчоон”, “Орчин үеийн Оросын зохиолуудын орчуулгын түүвэр”, “Орчин үеийн Монголын зохиолуудын орчуулгын түүвэр” зэрэг ном гаргаж, олон нийтэд түгээж буйг Б.Мөнхжин дэд сайд мөн тэмдэглэв.
Эрдэм шинжилгээний хуралд Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг “Монгол Оросын харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр үндсэн илтгэл тавьж, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Стратеги судлалын хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын эрдэмтэн, судлаачид Монгол, Оросын харилцааны түүх, улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, соёл боловсролын хамтын ажиллагаа зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийв.