МОНГОЛ УЛС, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ (EPD)-ЫН ТУХАЙ
Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн бодлогын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар, II зөвлөлдөх уулзалт 2018 оны 5 сарын 22-ны өдөр Вашингтон хотноо тус тус зохион байгуулсан.
Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн бодлогын гуравдугаар зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатарын цагаар 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, Вашингтоны цагаар 22-ны өдөр цахимаар зохион байгуулав. Монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, америкийн талын төлөөлөгчдийг Төрийн департаментын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга хатагтай М.Сингх нар тус тус ахлав.
Хоёр тал зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол Улсын макроэдийн засгийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын орчин, экспортыг төрөлжүүлэх, худалдааг дэмжих болон АНУ-ын Энэтхэг-Номхон далайн стратегийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал, санхүүжилтийн төрөл бүрийн механизмыг ашиглах, дэд бүтэц, төмөр зам, иргэний нисэх, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Түүнчлэн хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаа мөн эмэгтэйчүүдийг чадавхжуулах, уул уурхайн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар зөвлөлдлөө.
Монгол Улс, АНУ-ын хооронд эдийн засгийн түншлэлийг өргөтгөх Замын зураглалыг хэрэгжүүлэх хүрээнд Эдийн засгийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, хоёр талын Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн ээлжит уулзалтыг 2021 онд Улаанбаатар хотод зохион байгуулах асуудлыг талууд тохиров.
Уулзалтын мөрөөр “Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн бодлогын III зөвлөлдөх уулзалтын хамтарсан мэдэгдэл” гаргасан болно.
МОНГОЛ УЛС, АМЕРКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН III ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр
Монгол Улс, АНУ хоорондын Стратегийн түншлэлийг дэмжих хүрээнд Монгол-Америкийн Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр цахимаар зохион байгуулав. Талууд эдгээр арга хэмжээний үеэр хоёр талын харилцааны өнөөгийн байдал болон өнгөрсөн жилд гаргасан ахиц дэвшил, хамтын ололт амжилтын талаар ярилцав.
Монгол Улс, АНУ уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих тухай Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, АНУ-ын Хөдөлмөрийн яамны Уул уурхайн аюул ажиллагаа, эрүүл ахуйн агентлаг хоорондын санамж бичиг байгуулахаар тохиролцов.
Талууд Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх, төрөлжүүлэхэд хувь нэмэр оруулах төслүүд дээр хамтран ажиллахаар санал солилцож, бололцоотой бүх сувгийг ашиглах талаар санал нэгдэв. Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр тал макро эдийн засгийн шинэчлэлийг дэмжих, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, худалдаа, бизнесийг хөхиүлэн дэмжих, эрчим хүчний нөөцийн засаглалыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, экспортыг төрөлжүүлэх, дэд бүтэц, төмөр замыг хөгжүүлэх, иргэний нисэхийн хамтын ажиллагаа, хууль сахиулахын чухлыг тэмдэглэж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зэс хайлуулах үйлдвэр байгуулах зэрэг томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар харилцан санал солилцов. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) Монгол Улсад үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж байгааг талууд талархан хүлээж авлаа. Хоёр тал цаашид Эдийн засгийн хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах талаар яриа хэлэлцээг эхлүүлэхээр санал нэгдэв. Мөн Монгол Улс, АНУ-ын хооронд зорчигч тээврийн тогтмол, шууд нислэг үйлдэх эхний алхам болох нээлттэй агаарын орон зайн тээврийн хэлэлцээрийн талаар албан ёсны яриа хэлцээг эхлүүлэх, мөн үүнтэй холбогдуулан эдийн засаг, аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны техникийн шаардлага зэрэг асуудлыг хэлэлцэх хамтарсан ажлын хэсэг байгуулахаар хоёр тал тохиролцов.
Мянганы сорилтын корпорацтай байгуулсан Усны Компакт гэрээгээр дамжуулан Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх сүлжээний тогтвортой байдлыг хангахад шаардлагатай нөхцлийг бүрдүүлэхийн чухлыг хоёр тал тэмдэглэв.
Хоёр талын ээлжит зөвлөлдөх уулзалтыг 2021 онд Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөв.