Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
g01

ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА

  • ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА

    Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах, дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах, дуу хоолойгоо хүргэхэд олон талт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй юм.

               Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын бүрэн эрхт гишүүн  болсноос хойш  тус байгууллагын үндсэн зорилго, зарчмуудыг тууштай дэмжиж, өөрийн хувь нэмрээ оруулж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн.

    Манай улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, зэвсэг хураах, хүний эрхийг хөхиүлэн дэмжих, ардчилал, засаглалыг бэхжүүлэх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн олон асуудлаар Ерөнхий Ассамблейн нийт 90 гаруй тогтоол санаачлан хэлэлцүүлж батлуулсан.

    Өдгөө “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай”, “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”, “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай”, “Бичиг үсгийн боловсролын тухай”, “Ардчиллын боловсролын тухай” гэсэн Ерөнхий Ассамблейн 5 тогтоолыг тогтмол санаачлан батлуулж буй.

                Монгол Улс 2000 оноос хойш зохион байгуулсан тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт,  хөгжлийн санхүүжилт, гамшгийн эрсдлийг бууруулах болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудын дамжин өнгөрөх хамтын ажиллагааны асуудлаарх томоохон хурал, дээд хэмжээний уулзалтуудад оролцож, тэдгээрээс гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж ирсэн.

              НҮБ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах, ардчиллыг дэмжих, хүний эрхийг хамгаалах хүчин чармайлтыг дэмжиж ирсэн.  Өнөөдрийн байдлаар НҮБ-ын системийн байгууллагууд, сан, хөтөлбөрийг төлөөлсөн 11 байгууллага Монгол Улсад суурин ажиллаж, манай хөгжлийн бодлого, үйл ажиллагааны чухал түнш байсаар ирлээ.

  • НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГАА

    Монгол Улсын Засгийн газраас 1999 онд Энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай тогтоол гаргаж, улмаар “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай Монгол Улсын Засгийн газар, НҮБ хоорондын санамж бичиг”-ийг байгуулсан. 2002 онд УИХ-аас “Цэрэг, цагдаагийн албан хаагчдыг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хууль батлан гарсан.

    Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн дагуу олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, 2002 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор нийт 18,139 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. 2020 оны 9 дүгээр сарын байдлаар Өмнөд Судан, Суданы Дарфур, Абией муж, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс, Баруун Сахар, Конго, Йемен зэрэг 7 улсын нутаг дэвсгэрт явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчнээс нийт 1108 цагдаа, цэргийн албан хаагч үүргээ нэр төртэй биелүүлж байна.

  • АЗИ, ЕВРОПЫН УУЛЗАЛТ

    2006 онд Хельсинкид болсон Ази, Европын дээд түвшний уулзалт буюу АСЕМ-ын төр, засгийн тэргүүн нарын бага хурлын үеэр манай улс АСЕМ-ын гишүүн болсон. АСЕМ-ын орнуудын Шилжилт хөдөлгөөн, суурьшилтын асуудлаарх цагаачлалын албаны удирдлагуудын 10 дугаар хурлыг Улаанбаатар хотноо 2011 онд, Ой болон усны асуудлаарх АСЕМ-ын Байгаль орчны сайд нарын чуулга уулзалтыг 2012 онд, АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулсан.

  • ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА

    Монгол Улс нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-д 2012 онд элссэн. Гишүүн орны хувьд манай улс тус байгууллагын үйл ажиллагааны үндсэн гурван чиглэлийн (цэрэг, улс төрийн; эдийн засаг, байгаль орчин; хүний аюулгүй байдал) хүрээнд тухайлбал, терроризм, хил гааль, цагдаа, мансууруулах бодистой тэмцэх алба, хилийн менежмент, хүний аюулгүй байдлын асуудлуудад түлхүү анхаарч, тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.

  • НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГА

    Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-д 1973 онд гишүүнээр элссэн. НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгчийн газар 2009 онд Улаанбаатар хотод нээгдэж, үйл ажиллагаагаа явуулж байна.

    Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын ХХААБ-тай “Хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээ 2020-2021” бодлогын бичиг баримтыг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан. Энэхүү баримт бичиг нь “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийг зорилтуудад тулгуурласан бөгөөд хүн бүр худалдаж авах боломж бүхий, шим тэжээллэг эрүүл хоол хүнсээр хангах, газар тариалан болон мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг тогтвортойгоор нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, бэхжүүлэх;байгалийн нөөцийг зохистой ашиглалт, тогтвортой менежментийг бүрдүүлэх, даван туулах чадвар бүхий хөдөө аж ахуй цогц системийг бий болгох зэрэг үндсэн 5 зорилтыг хэрэгжүүлэх зорилготой.

  • НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН ЧУУЛГАН

    АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганы даргаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд сонгогдож, 2019 оны 5 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Сайд нарын түвшний хуралдааныг даргалав. Манай төлөөлөгчид тус Комиссын 45 болон 55 дугаар чуулганы даргаар тус тус сонгогдож байсан бөгөөд ийнхүү 20 жилийн дараа Монгол Улсын Гадаад харилцааны сайд АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганы даргаар сонгогдон ажилласан нь манай улсын нэр хүндийг НҮБ-ын систем болон бүс нутгийн хэмжээнд өргөсөн алхам болов.

  • ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ ТӨВ

    Далайд гарцгүй хөгжиж буй 32 улсыг төлөөлсөн, Улаанбаатар хотод төвтэй Засгийн газар хоорондын анхны олон улсын байгууллага болох Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Олон улсын судалгааны төв (ОУСТ)-ийн албан ёсны нээлтийн бага хурлыг Улаанбаатар хотноо 2018 оны 6 дугаар сард зохион байгуулж, хурлын дүнгээр “Улаанбаатарын тунхаглал”-ыг хэлэлцэж батлав. ОУСТ нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын нийтлэг бэрхшээл, эрх ашиг, байр суурийг хамгаалах, олон улсын худалдаанаас хүртэх үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг бүхий бодлогын судалгаа, эрдэм шинжилгээ, төслийн ажлуудыг гүйцэтгэж байна. ДГХБО-ын ОУСТ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейд ажиглагчийн статустай болоод байна.

  • НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛ

    Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Хөдөөгийн охид,  эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”, “Бичиг үсгийн боловсролын тухай” мөн “Ардчиллын боловсролын тухай” тогтоолыг санаачилж, хоёр жил тутамд батлуулж ирсэн нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээ, эмэгтэйчүүдийн эрх, сурч боловсрох эрх болон сайн засаглалыг бэхжүүлэх үйл хэргийг урагшлуулахад тодорхой хувь нэмэр оруулж байгаа гэж үздэг. Түүнчлэн цаазаар авах ялыг халахад чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг дэмжиж, Цаазын ялын эсрэг Олон улсын хороог дэмжих бүлгийн гишүүнээр идэвхтэй ажиллаж байна. Түүнээс гадна Европын Холбоо, Аргентиний талтай хамтран “Цаазаар авах болон эрүүдэн шүүхэд ашигладаг бүтээгдэхүүний худалдааг хориглох Дэлхий нийтийн холбоо” санаачилгыг 2017 онд эхлүүлээд байна.

    Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2016-2018 онд гишүүнээр анх удаа сонгогдон ажиллав. Манай улсын хувьд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд нэрээ дэвшүүлэн сонгогдсон нь олон улсын тавцанд нэр хүндээ бэхжүүлэх, НҮБ болон олон улсын бусад байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улсын бодит оролцоог тодотгох, олон талт хамтын ажиллагааны хүрээнд бусад улстай хамтран ажиллах, харилцан дэмжлэг авах илүү өргөн боломж олгосон юм.

  • АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГ

    Монгол Улс 2000 оноос хойш АОХН-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын түвшний бага хурлуудад оролцож, 2005 онд АОХН-ын Зохицуулах бүлгийн гишүүнээр, 2009 онд Иргэний нийгмийн байгууллагыг байгуулж, хамгаалах ажлын хэсгийн гишүүнээр тус тус ажилласан.

    Монгол Улс АОХН-ийг тэргүүлэх албыг Вильнюс хотноо 2011 онд болсон АОХН-ийн Сайд нарын түвшний бага хурлын үеэр Литва Улсаас шилжүүлэн авч, улмаар АОХН-ийн Гадаад хэргийн сайд нарын 7 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо 2013 оны 4 дүгээр сард зохион байгуулсан. АОХН-ийг даргалах хүрээнд ардчиллын боловсрол, иргэний нийгмийн байгууллагуудын төлөвшилд дэмжлэг үзүүлэх, АОХН-ийн бүс нутгийн үйл ажиллагааг бэхжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд бусад улстай хамтран ажиллах, туршлага солилцохыг тэргүүлэх чиглэлээ болгон ажилласан.