Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
g01

ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА

  • ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА

    Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах, дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах, дуу хоолойгоо хүргэхэд олон талт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй.

    Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагад 101 дэх гишүүнээр элсэж, бүрэн эрхт гишүүн болсноос хойш тус байгууллагын үндсэн зорилго, зарчмуудыг тууштай дэмжиж, үйл ажиллагаанд нь хувь нэмрээ оруулан идэвхтэй хамтран ажиллаж ирэв.

    Манай улс олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, зэвсэг хураах, хүний эрхийг хөхиүлэн дэмжих, ардчилал, засаглалыг бэхжүүлэх, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зэрэг асуудлаар нийт 90 гаруй тогтоол санаачлан хэлэлцүүлж батлуулсан.

    Эдүгээ манай улс “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай”, “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”, “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай”, “Бичиг үсгийн боловсролын тухай”, “Ардчиллын боловсролын тухай” зэрэг 5 тогтоолыг санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар 2 жил тутамд хэлэлцүүлэн батлуулж байна. Монгол Улсын Засгийн газар 2026 оныг “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарлах санаачилгыг дэвшүүлж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Бүгд хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан.

     

    Монгол-НҮБ-ын хамтын ажиллагаа НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг олон чиглэлд амжилттай хөгжиж байна.

    Монгол Улсын НҮБ, түүний системийн байгууллагуудтай хөгжүүлж буй хамтын ажиллагаа 5 жил тутамд баталдаг хамтын ажиллагааны баримт бичгийн дагуу хэрэгжиж ирсэн. Энэ 2022 оны 5 дугаар сард баталсан 2023-2027 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ”-ний дагуу Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай 1/ хүний хөгжил, сайн сайхан байдал, 2/ ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлт, 3/ хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийн  чиглэлд хамтран ажиллана.

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Перес де Куэльяр (1977), Курт Вальдхайм (1987), Кофи Аннан (2002), Бан Ги Мүүн (2009),  Антонио Гутерреш (2022) Монгол Улсад тус тус айлчилсан.

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийн 2022 оны 8 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал нь Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхацсанаараа онцлог байв.

    НҮБ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, ардчиллыг дэмжих, хүний эрхийг хамгаалах хүч чармайлтыг тууштай дэмжиж ирсэн чухал түнш юм. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын системийн байгууллагууд, сан, хөтөлбөрийг төлөөлсөн 11 байгууллага манай улсад суурин ажиллаж байна.

  • НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГАА

    Монгол Улсын Засгийн газраас 1999 онд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай тогтоол гаргаж, улмаар “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай Монгол Улсын Засгийн газар, НҮБ хоорондын санамж бичиг”-ийг байгуулсан. 2002 онд УИХ “Цэрэг, цагдаагийн албан хаагчдыг НҮБ-ын Энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийг баталсан.

     

    Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн дагуу олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, 2002 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор нийт 20,000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. Энэ 2022 оны 9 дүгээр сарын байдлаар Өмнөд Судан, Абей муж, Баруун Сахар, Конго, Йемен зэрэг 5 нутаг дэвсгэрт явагдаж буй НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчнээс нийт 877 цагдаа, цэргийн албан хаагч үүргээ нэр төртэй биелүүлж байна.

  • АЗИ, ЕВРОПЫН УУЛЗАЛТ

    Финланд Улсын Хельсинк хотод 2006 онд болсон Ази, Европын дээд түвшний уулзалт буюу АСЕМ-ын төр, засгийн тэргүүн нарын бага хурлын үеэр манай улс АСЕМ-ын гишүүн болсон. АСЕМ-ын орнуудын Шилжилт хөдөлгөөн, суурьшилтын асуудлаарх цагаачлалын албаны удирдлагуудын 10 дугаар хурлыг Улаанбаатар хотноо 2011 онд, Ой болон усны асуудлаарх АСЕМ-ын Байгаль орчны сайд нарын чуулга уулзалтыг 2012 онд, АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулсан.

  • ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА

    Монгол Улс 2004 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын хамтын ажиллагааны түнш орон болж,  2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус байгууллагын 57 дахь гишүүн орон болсон. Манай улс тус байгууллагын үйл ажиллагааны үндсэн гурван чиглэл болох (i) цэрэг, улс төр, (ii) эдийн засаг, байгаль орчин, (iii) хүний аюулгүй байдлын хүрээнд терроризм, хил гааль, цагдаа, мансууруулах бодистой тэмцэх алба, хилийн менежмент, хүний аюулгүй байдлын асуудлуудад түлхүү анхаарч, тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.

     

    ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Ламберто Занниер 2013 онд, Томас Гремингер 2019 онд  манай улсад айлчилсан.

  • НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГА

    Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-д 1973 онд гишүүнээр элссэн.

     

    Монгол Улсын Засгийн газар 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээ 2020-2021” бодлогын баримт бичгийг НҮБ-ын ХХААБ-тай байгуулсан. “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийн зорилтуудад тулгуурласан энэхүү баримт бичиг нь хүн бүрийг худалдаж авах боломж бүхий, шим тэжээллэг эрүүл хоол хүнсээр хангах, газар тариалан, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмжийг тогтвортойгоор нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, байгалийн нөөцийн зохистой ашиглалт, тогтвортой менежментийг бүрдүүлэх, даван туулах чадвар бүхий хөдөө аж ахуйн цогц системийг бий болгох зэрэг үндсэн 5 зорилтыг хэрэгжүүлэх зорилготой.

     

    Монгол Улсын Засгийн газар 2026 оныг “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарлах санаачилгыг 2018 онд дэвшүүлж, уг санаачилгаа НҮБ-ын ХХААБ-ын Хөдөө аж ахуйн хорооны 27 дугаар хуралдаан, НҮБ-ын ХХААБ-ын Зөвлөлийн 165 дугаар хуралдаан, НҮБ-ын ХХААБ-ын 42 дугаар бага хурлаар тус тус хэлэлцүүлж, гишүүн орнуудын дэмжлэгийг авсан. Улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Бүгд хуралдаанаар хэлэлцүүлж батлуулсан.

  • НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИСС

    Тус комиссыг дайны дараах үеийн сэргээн босголтын ажилд дэмжлэг үзүүлэх оруулах зорилгоор 1947 онд Ази, Алс Дорнодын эдийн засгийн комисс нэртэйгээр байгуулж, 1974 онд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг,  нийгмийн комисс (АНДЭЗНК /Комисс) болгон өргөжүүлсэн.

     

    АНДЭЗНК тус бүс нутагт эдийн засгийн хөгжил цэцэглэлт, нийгмийн дэвшилд хүрэх, ядуурлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад учирч буй бэрхшээл сорилтыг даван туулах, шинэлэг арга замыг олж хэрэгжүүлэх талаар гишүүн орнуудад стратегийн дүн шинжилгээ хийх, бодлогын санал боловсруулах, техникийн хамтын ажиллагаа хөгжүүлэх замаар дэмжлэг үзүүлдэг. Комисс нь таслах эрхтэй 53 гишүүн, 9 хавсарга гишүүнтэй.

     

    Монгол Улс Комиссын гишүүнээр 1961 онд элссэнээс хойш худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, ядуурлыг бууруулах, эрчим хүч, гамшгийн эрсдлийг бууруулах транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна.

  • ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ ТӨВ

    Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын асуудалд өндөр ач холбогдол өгч, санаачилгатай ажиллан, ДГХБО-ын бүлгийг НҮБ-д байгуулахад идэвхитэй оролцож ирсэн. Эдүгээ энэ бүлэгт 32 улс багтаж байна.

     

    Монгол Улс ДГХБО-ын Олон улсын судалгааны төв (ОУСТ)-ийг Улаанбаатар хотноо үүсгэн байгуулах тухай санаачилгыг 2006 онд Куба Улсын Гавана хотноо болсон ДГХБО-ын дээд түвшний уулзалтын үеэр анх гаргаж, НҮБ, түүний гишүүн улсуудын  дэмжлэгийг авч, улмаар эл асуудлыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64/214 тогтоолд тусгасан. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2009 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр ДГХБО-ын ОУСТ-ийн шавыг тавьсан.

     

    ГХЯ “ДГХБО-ын ОУСТ байгуулах тухай олон талт хэлэлцээр”-ийг далайд гарцгүй орнуудаар соёрхон батлуулах, тус төвийг байгуулах, үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, уг хэлэлцээр 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Өнөөдрийн байдлаар Афганистан, Армян, Азербайжан, Балба, Буркина Фасо, Бутан, Казахстан, Киргиз, Лаос, Монгол, Нигер, Парагвай, Тажикистан, Этиоп эзрэг 14 улс уг хэлэлцээрийг соёрхон батлаад байна.

     

    ДГХБО-ын ОУСТ нь ДГХБО-дад тулгарч буй асуудлаар судалгаа хийх, олон улсын худалдаа, ялангуяа Дэлхийн худалдааны байгууллагын яриа хэлэлцээнээс хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх, чадавх сайжруулахад эдгээр улсад дэмжлэг үзүүлэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, Венийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулах зорилготой.

     

    Тус судалгааны төв “ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: ДГХБО-дад үзүүлэх нөлөө”, “Хямралыг даван туулах цахим чадавхийг бий болгох нь”, “Олон талт худалдааны хэлэлцээрүүд ба ДГХБО: Хэлэлцэн тохирогч болон хэрэглэгч нарт зориулсан гарын авлага”, “ДГХБО-ын бүс нутгийн интеграцчлалыг дахин авч үзэх нь, “Монгол Улсын эдийн засгийн коридоруудын эдийн засагт үзүүлэх нөлөө: Эдийн засгийн үр нөлөөг газарзүйн тооцооллын загварыг ашиглан тодорхойлох нь” “КОВИД-19 цар тахал ба ДГХБО-ын авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ” зэрэг 20 орчим судалгааны ажил хийж, НҮБ-ын гишүүн улсуудад танилцуулсан.

     

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганаар “ДГХБО-ын ОУСТ-д НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ажиглагчийн олгох тухай” тогтоол (A/RES/73/217) баталсан.

  • НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛ

    Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Хөдөөгийн охид,  эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”, “Бичиг үсгийн боловсролын тухай”, “Ардчиллын боловсролын тухай” тогтоолыг санаачилж, хоёр жил тутамд батлуулж ирсэн нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээ, эмэгтэйчүүдийн эрх, сурч боловсрох эрх болон сайн засаглалыг бэхжүүлэх үйл хэргийг урагшлуулахад тодорхой хувь нэмэр оруулж байгаа гэж үздэг.

     

    Манай улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2016-2018 онд гишүүнээр анх удаа сонгогдон ажилласан.

  • АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГ

    Монгол Улс 2000 оноос хойш Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын түвшний бага хурлуудад оролцож, 2005 онд АОХН-ын Зохицуулах бүлгийн гишүүнээр, 2009 онд Иргэний нийгмийн байгууллагыг байгуулж, хамгаалах ажлын хэсгийн гишүүнээр тус тус ажилласан.

     

    Монгол Улс АОХН-ийг тэргүүлэх албыг Вильнюс хотноо 2011 онд болсон АОХН-ийн Сайд нарын түвшний бага хурлын үеэр Литва Улсаас шилжүүлэн авч, 2013 оны 4 дүгээр сард АОХН-ийн Гадаад хэргийн сайд нарын 7 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Манай улс АОХН-ийг даргалах хүрээнд ардчиллын боловсрол, иргэний нийгмийн байгууллагуудын төлөвшилд дэмжлэг үзүүлэх, АОХН-ийн бүс нутгийн үйл ажиллагааг бэхжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд бусад улстай хамтран ажиллах, туршлага солилцохыг тэргүүлэх чиглэлээ болгон ажилласан.