Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЗГ-ын хөтөлбөрүүдМонгол улсын эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр

Монгол улсын эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр

2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөрУлаанбаатар хот

474

Монгол улсын эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр

Монгол улсын эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр батлах тухай

Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг ханган, эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулах, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд гадаад таатай нөхцөл, боломжийг бүрдүүлэх нь эдийн засгийн гадаад харилцааны бодлогын зорилго мөн.

Даяаршил, харилцан хамаарал гүнзгийрч байгаа өнөө үед эдийн засгийг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн, байгальд ээлтэй үйлдвэрлэл, экспортыг дэмжих, дэвшилтэт, цэвэр технологи нэвтрүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, гадаад зах зээлийг тэлэх, шинээр нээх боломжийг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн дипломат үйл ажиллагааг улам идэвхжүүлэн шинэ түвшинд гаргах шаардлага тулгарч байна.

Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Экспортыг дэмжих хөтөлбөр, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл зэрэг бодлогын баримт бичигт тусгасан улс орны хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг гадаад харилцааны хэрэгслээр дэмжихэд оршино.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, баримтлах зарчим

2.1. Хөтөлбөрийн зорилго

Үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, экспортыг дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх,  гадаад зах зээлийг тэлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад улс төр-дипломатын аргаар дэмжлэг үзүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд хувь нэмэр оруулахад хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилт

Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэхдээ дараах   зорилтуудыг хэрэгжүүлнэ:

2.2.1. гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, шинээр зах зээл нээх;

2.2.2. үндэсний аж ахуйн нэгжүүдийн экспортод чиглэсэн бизнесийн үйл ажиллагааг дэмжих;

2.2.3. байгальд ээлтэй дэвшилтэт, цэвэр технологи нэвтрүүлж, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулах;

2.2.4. гадаадын хөрөнгө оруулалтыг татах.

2.3. Баримтлах зарчим

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дор дурдсан зарчмыг баримтална:

2.3.1. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тулгуурлах;

2.3.2. эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэхдээ улс төрийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдмэл, олон тулгуурт, эрх тэгш, харилцан ашигтай, ил тод байх зэрэг нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг мөрдөх;

2.3.3. эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ тухайн орны дэлхийн түвшинд өрсөлдөх чадварыг шалгуур болгох;

2.3.4. тухайн түнш орны дэвшилтэт техник, технологийг нутагшуулахдаа нэн тэргүүнд хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хэрэгжүүлэхийг зорих;

2.3.5. гадаад орнуудын Монгол дахь эдийн засгийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлэх бодлого баримтлах.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1. Хөтөлбөрийн 2.2.1 дэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1.1. түнш орнуудтай эдийн засгийн харилцааг тэлэх;

3.1.2. чөлөөт худалдаа, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах;

3.1.3. бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэх;

3.1.4. далайд гарцгүй байдлаас үүдэлтэй үр дагаврыг саармагжуулах, дэд бүтцийг хөгжүүлэх.

3.2. Хөтөлбөрийн 2.2.2 дахь зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.2.1. “Монгол брэнд” бүтээгдэхүүнийг экспортлох,

3.2.2. нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээ, экспортыг дэмжих;

3.2.3. санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

3.3. Хөтөлбөрийн 2.2.3 дахь зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.3.1. дэвшилтэт техник, технологи, инноваци, ноу-хау нэвтрүүлэх;

3.3.2. дотоодын үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлийн судалгаа, мэдээллээр хангах;

3.3.3. эдийн засгийн тэргүүлэх салбарт мэргэшсэн хүний нөөц бэлтгэх.

3.4. Хөтөлбөрийн 2.2.4 дэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.4.1. Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг хөрөнгө оруулагчдад сурталчлах,

3.4.2. нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

3.4.3. үндэсний аж ахуйн нэгжүүд шинэ зах зээлд хөрөнгө оруулалт хийхэд дэмжлэг үзүүлэх.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, удирдлага, зохион байгуулалт

4.1. Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөрийг 2015-2020 онд хэрэгжүүлнэ.

4.2. Гадаад хэргийн яам нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллана.

4.3. Холбогдох яам нь хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгасан эрхлэх хүрээний асуудлыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авна.

4.4. Дипломат төлөөлөгчийн газрууд нь хөтөлбөрт тусгасан холбогдох арга хэмжээ тус бүрээр нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллах бөгөөд уг төлөвлөгөөг Гадаад хэргийн сайд батална. Төлөвлөгөөний биелэлт, үр дүн нь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын үр дүнгийн гэрээг дүгнэх шалгуур үзүүлэлтийн нэг болно.

4.5. Гадаад хэргийн яам нь биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, зохих журмын дагуу Засгийн газарт жил бүр тайлагнана.

Тав. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

5.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараах шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ:

5.1.1. гадаад худалдааны эргэлт, экспортын өсөлт;

5.1.2. үндэсний бараа, бүтээгдэхүүний төрөлжилт;

5.1.3. гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ (технологийн агууламж, дотоодоос авч байгаа үйлчилгээ);

5.1.4. нэвтрүүлсэн технологи, инновацийн үр дүн;

5.1.5. эдийн засгийн интеграци дахь оролцоо;

5.1.6. ажлын байрны болон мэргэшсэн ажилтны тоо.

 

Монгол улсын ерөнхий сайд Ч. Сайханбилэг