Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
  • Гадаад харилцааны яамны эрхэм зорилго юу вэ?

    Гадаад харилцааны яамны эрхэм зорилго нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчныг бүрдүүлэхэд оршино.

  • Гадаад харилцааны сайдын чиг үүргийн талаар мэдээлэл өгнө үү?

    Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаар гадаад харилцааны сайд нь дараах чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг. Үүнд:

    • Гадаад улс, олон улсын байгууллагатай бүхий л талаар харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх,
    • Гадаад худалдааны бодлогыг хэрэгжүүлэх,
    • Гадаадад байгаа Монгол Улсын иргэн, бизнесийн эрх ашгийг хамгаалах,
    • Гадаад улс, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрийн асуудлыг удирдан зохион байгуулах, байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад хяналт тавих,
    • Дипломат, албан зэргийн виз, консулын асуудлыг эрхлэн явуулах зэрэг болно
  • Гадаад харилцааны яам ямар бүтэцтэй вэ?

    Гадаад харилцааны яам нь дараах 13 газар, 5 нэгжээс. Үүнд:

    • Бодлого, төлөвлөлтийн газар
    • Хөрш орнуудын газар
    • Европын газар
    • Ази, Номхон далайн орнуудын газар
    • Америк, Ойрх Дорнод, Африкийн газар
    • Олон талт хамтын ажиллагааны газар
    • Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар
    • Төрийн захиргааны удирдлагын газар
      • Хуулийн хэлтэс
      • Санхүү, эдийн засгийн хэлтэс
      • Гадаад харилцааны төв архив
    • Олон улсын гэрээ, эрх зүйн газар
      • Хүний эрхийн хэлтэс
      • Хилийн хэлтэс
    • Консулын газар
    • Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газар
    • Дипломат ёслолын газар
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар

    Түүнчлэн тус яамны дэргэд Хөрөнгө оруулалтын судалгааны төв үйл ажиллагаа явуулдаг.

    ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын даргаар Гадаад харилцааны сайд ажилладаг.

  • Хилийн чанадад Монгол Улсын хэдэн ДТГ ажиллаж байгаа вэ?

    Хилийн чанадад Монгол Улсын 31 Элчин сайдын яам, 2 Байнгын төлөөлөгчийн газар, 9 Ерөнхий консулын газар, 3 Консулын газар, 1 Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар тус тус ажиллаж байна.  Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 442 дугаар тогтоолоор хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын орон тооны хязгаарыг 336 байхаар баталсан бөгөөд баталсан орон тооны хязгаарт багтаан ДТГ-т ажиллах ажилтнуудыг томилон ажиллуулж байна.

  • ГХЯ-нд Ёс зүйн хороо байдаг уу? Ёс зүйн зөрчил гаргасан ажилтанд ямар төрлийн ёс зүйн шийтгэл, хэрхэн ногдуулдаг вэ?

    Гадаад харилцааны сайдын тушаалаар яамны ХШҮДАГ-ын захирлаар ахлуулсан 8 хүний  бүрэлдэхүүнтэй Ёс зүйн зөвлөлийг байгуулж, “Гадаад харилцааны яамны Ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”-ыг батлан, хэрэгжүүлж байна. “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”-д заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн дипломат ажилтанд зөрчлийн шинж байдлыг харгалзан “уучлал гуйхыг үүрэг болгох, сануулах” ёс зүйн шийтгэлийн аль нэгийг Ёс зүйн зөвлөлийн тогтоолоор ногдуулдаг.

  • Дипломат албанд, дипломат албан тушаалд /ажилд/ шинээр ороход ямар болзол, шалгуурыг хангасан байх ёстой вэ? Дипломат албаны мэргэшлийн шалгалтын талаар зохих мэдээллийг хаанаас авч болох вэ?

    Дипломат алба өөрийн онцлогтой. Тус яамны үйл ажиллагааны онцлогоос хамааран 1-2 гадаад хэлний өндөр мэдлэг шаарддагаас гадна голчлон олон улсын харилцаа, олон улсын эрх зүй, олон улсын худалдаа, эдийн засаг, орон судлал, олон улсын улс төр судлалын мэргэжилтэй байх шаардлагатай. Тус яам сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Төрийн албаны зөвлөлд сонгон шалгаруулалтын зар, мэдээллээ хүргүүлдэг. Мөн Дипломат албаны тухай хуульд зааснаар дипломат албаны мэргэшлийн шалгалт авсны үндсэн дээр сул ажлын байранд ажилтныг томилж, нөөцөд бүртгэдэг журамтай. Төрийн албаны тухай шинэ  хууль 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Дипломат албаны мэргэшлийн шалгалтын журмыг боловсруулж  Төрийн албаны зөвлөлд хүргүүлээд байна. Шинэ журам батлагдмагц шалгалт авах ажиллагааг нээлттэй зохион байгуулна. Шалгалтын талаарх зар, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлаж, шалгалтын журмыг яамны цахим хуудаст байршуулж  зохион байгуулна.

  • Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал гэж юу вэ?

    Монгол Улсын гадаад бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тодорхойлон заасан үндэсний ашиг сонирхолд тулгуурлах бөгөөд тус улсын гадаад, дотоод нөхцөл байдал нь гадаад бодлогын зорилго, зарчим, чиглэлийг тодорхойлох үндэс болно.

    Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал нь анх 1994 онд батлагдсан бөгөөд 2011 онд шинэчлэн батлагдсан.

    Энэхүү үзэл баримтлалд “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна” гэж заасан бөгөөд дараах бүтэцтэй. Үүнд:

    • Улс төрийн гадаад харилцааны бодлого
    • Эдийн засгийн гадаад харилцааны бодлого
    • Шинжлэх ухаан, технологийн гадаад харилцааны бодлого
    • Соёл, хүмүүнлэгийн гадаад харилцааны бодлого
    • Гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах бодлого
    • Гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлого

    Монгол Улсын улс төрийн гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлэх чиглэлүүд:

    1.Хоёр хөршОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Чингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах
    2.Гуравдагч хөршАНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх
    3.Бүс нутагАзийн бусад улстай хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа  хөгжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт олон талт хамтын ажиллагаанд оролцох, Зүүн Ази, Зүүн хойд Ази, Төв Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжиж оролцох
    4.Олон улсын байгууллагаНҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд болон олон улсын санхүү, худалдаа, эдийн засгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлэх, дэлхийн засаглал дахь НҮБ-ын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллах
    5.Бусадхөгжиж байгаа улсуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхийн зэрэгцээ Нэгдсэн Үндэстний Байгууллага, “77”-гийн бүлэг, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн зэрэг олон талын хүрээнд хамтран ажиллах
  • Монгол Улс одоогийн байдлаар дэлхийн хэдэн улстай дипломат харилцаатай, түүнээс хэдэн улсын Дипломат төлөөлөгчийн газар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байна вэ?

    Манай улс өнөөдрийн байдлаар нийт 192 улстай дипломат харилцаатай бөгөөд үүнээс 190 нь НҮБ-ын гишүүн, 2 (Ватикан, Палестин) нь НҮБ-д ажиглагч статустай. Мөн Европын Холбоотой дипломат харилцаа тогтоосон.

    НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаатай болоход 2 улс (Ботсвана, Тринадад ба Тобаго) үлдээд байна. Эдгээр хоёр улстай дипломат харилцаа тогтоох асуудлыг идэвхтэй хөөцөлдөн ажиллаж байна.

    Манай улсад гадаад улсын Элчин сайдын яам 25, Ерөнхий консулын газар 3, Засгийн газар хоорондын Олон улсын байгууллагын  Суурин төлөөлөгчийн газар 11 байдаг.

  • “Зөөлөн хүчний бодлого” гэж юу вэ, манай улс үүнийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ?

    Олон улсын харилцаанд аливаа нэг улс гадаад бодлогын зорилтоо хэрэгжүүлэхийн тулд өөрийн давуу талаа ашиглан харилцааны таатай, тааламжтай байдал үүсгэх замаар нөгөө талыг өөртөө татаж, эерэг үр дүнд хүрэх бодлогыг “зөөлөн хүчний бодлого” хэмээн тодорхойлдог. Тухайн улсын соёл, үнэт зүйлс дээр “зөөлөн хүч” суурилдаг бөгөөд орчин үед зөөлөн хүчний бодлого гадаад бодлого, олон улсын харилцааны салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг болон төлөвшиж байна.

    Дэлхийн улс орнуудтай соёлын харилцааг хөгжүүлж,  үндэсний онцлог, өв соёл, зан заншлаа дэлхийд сурталчлан таниулах ”public diplomacy” буюу ардын дипломатын арга замаар улс үндэстнийхээ тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг баталгаажуулах, эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах бодлогыг манай улс хэрэгжүүлж байна.

    Монгол Улс тусгаар тогтносон, бие даасан, эрх чөлөөт төр-улс мөн болохыг олон улсад нотлох нэг багана нь энэхүү зөөлөн хүчний дипломат бодлого, арга зам юм. Зөөлөн хүчний бодлого зөв, хvчтэй байхын хирээр манай улсын олон улс дахь байр суурь, нөлөө өсөх юм.

  • Монгол Улсын Соёлын элч гэж хэн бэ? Ямар шалгуураар, хэрхэн Соёлын элчээр томилогдох вэ? Ямар хүмүүс Соёлын элчээр томилогддог вэ?

    Монгол Улсын Соёлын элч нь амжилт ололт, нэр хүндээрээ Монгол Улсын нэрийг өндөр түвшинд гаргаж, хилийн чанадад сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулж буй Монгол Улсын иргэд болон Монгол Улсад элэгтэй, монгол өв соёл, уламжлалыг олон улсад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй гадаадын нэр хүндтэй иргэд байдаг.

    Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 267 дугаар тогтоолоор “Монгол Улсын Соёлын Өргөмжит элчийн тухай журам”-ыг баталсаны дагуу гадаад улсын иргэдийг “Соёлын Өргөмжит элч”-ээр томилон ажиллуулж ирсэн. 2015 онд уг журамд нэмэлт өөрчлөлтийг оруулан “Соёлын Өргөмжит элч”-ийг “Соёлын элч” болгон, зөвхөн гадаадын иргэдийг бус, монгол иргэдийг мөн томилохоор тусгаж, шинэчлэн баталсан бөгөөд улмаар соёлын элч нарын чиг үүргийг боловсронгуй болгох зорилгоор журмыг 2018 онд дахин шинэчилсэн. Соёлын элчээр томилогдох хүсэлтийг манай яам хүлээн авч, шийдвэрлэдэг. Уг журмыг сонирхсон хүн бүр манай яамны вэбсайт руу орж үзэх боломжтой.

    Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нэрийг олон улсад өндөрт өргөж, хилийн чанадад амжилттай сурталчилж буй Японы мэргэжлийн Сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, балетчин Д.Алтанхуяг, дуурийн дуучин Г.Ариунбаатар, Э.Амартүвшин, зураач С.Заяасайхан, комикс номын зураач, зохиолч Н.Эрдэнэбаяр, төгөлдөр хуурч С.Саянцэцэг, этно рок “Хү” хамтлаг зэрэг  57 Соёлын элч үйл ажиллагаа явуулж байна.

  • Монгол Улсын иргэн одоогийн байдлаар дэлхийн хэдэн оронд визгүй зорчиж байгаа вэ?

    2016-2019 онд гадаадын 16 улстай визгүй зорчих хэлэлцээр байгуулснаар манай улсын энгийн паспорттай иргэд 23 улсад, дипломат паспорттай иргэд 33 улсад, албан паспорттай иргэд 27 улсад тус тус визгүй зорчиж байна.

  • Дэлхийн хэдэн улсын иргэн Монгол Улсад визгүй зорчдог вэ?

    Дэлхийн 24 оны иргэд Монгол Улсад визгүй зорчино.

  • Монгол Улсад Элчин сайдын яамгүй улсад Монгол Улсын иргэн зорчиход виз хэрхэн мэдүүлэх вэ?

    Бээжинд суугаа Гадаад орны Элчин сайдын яаманд виз мэдүүлнэ. Албан ажлаар зорчих болон хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд Консулын газраас Бээжинд суугаа Монгол Улсын ЭСЯ-аар дамжуулан тухайн улсын виз мэдүүлэх материал хүргүүлдэг.

  • Шенгений орны визийг хэрхэн авах вэ? Улаанбаатар дахь ХБНГУ-ын ЭСЯ ямар улс орнуудыг төлөөлөн виз олгох эрхтэй вэ

    Шенгений гэрээний орнууд руу 90 хүртэлх хоногийн хугацаатай аялахад виз шаардлагатай. Шенгений визийг нэг, хоёр болон олон удаагийн орж-гарах зориулалтаар мэдүүлж болох бөгөөд хагас жилдээ дээд тал нь 90 хоног Шенгений нутаг дэвсгэрт байх боломжтой. Зорчих гэж байгаа үндсэн зорилгодоо нийцүүлэн аяллын ихэнх хугацаагаа өнгөрүүлэх Шенгений орныг хариуцсан ЭСЯ, ДТГ-т визээ мэдүүлэх ёстой.

    Шенгений гэрээнд багтдаг Бельги, Герман, Грек, Дани, Исланд, Испани, Латви, Люксембург, Мальта, Португал, Словени, Финлянд Улсад 90 хүртэлх хоногийн хугацаагаар зорчих бол ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд виз мэдүүлж болно. Чингэхдээ визийн мэдүүлгийг Улаанбаатар хот дахь VFS Global Mongolia байгууллагад өөрийн биеэр аваачин өгнө. VFS Global Mongolia байгууллага визийн мэдүүлгийг хүлээн авч, ХБНГУ-ын ЭСЯ-нд хүргүүлэх ба виз гарсан эсэх хариуг мөн виз мэдүүлэгчид хүргэнэ.

  • Латин Америкийн хэдэн оронд Монгол Улсын иргэд визгүй зорчдог вэ?

    Монгол Улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд Аргентин, Бразил, Куба, Уругвай, Чили зэрэг улсуудад визгүй зорчдог бол албан буюу дипломат паспорт эзэмшигч иргэд Колумб, Мексик, Перу зэрэг орнуудад 30-90 хоногийн хугацаагаар визгүй зорчдог. Түүнчлэн манай улс Парагвай, Эквадор улстай иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг байгуулаад байгаа бөгөөд одоогоор хэлэлцээр хүчин төгөлдөр болох техникийн үе шатанд хүлээгдэж байна.

    Улмаар Латин Америкийн улс орнуудад Монгол Улсын иргэд визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр яриа хэлэлцээ хийж, гэрээ, хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллаж байна.

  • Ойрх Дорнодын хэдэн оронд Монгол Улсын иргэд визгүй зорчдог вэ?

    Ойрх Дорнодын улсуудаас Монгол Улсын иргэд зөвхөн Израил Улсад 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг байгуулаад байна. Харин Монгол Улсын албан, дипломат паспорт эзэмшигч иргэд Кувейт Улсад 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчдог.

  • Африкийн орнуудад зорчиход юуг анхаарах ёстой вэ?

    Монгол Улсын иргэд Африкийн орнуудад зорчихдоо тухайн зорчих орны эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр визийг урьдчилан авч, визийн хүчинтэй хугацаанд зорчих, хуулийн хугацаанд буцаж гарах, тухайн улсын дотоодын хууль, журмыг чанад мөрдөх шаардлагатай.

    Африкийн зарим орнуудад халуун орны халдварт өвчин тархах өндөр эрсдэлтэй байдаг тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллага буюу тухай орны холбогдох байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу вакцин хийлгэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байвал зохино. Зорчиж буй улсын хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр Дотоодын аюулгүй буюу Цагаачлалын байцаагч тус улс руу нэвтрэх болон ямар хугацаагаар байх талаар нэмэлт мэдээлэл шаардаж болзошгүй тул аяллын зорилго, байх хугацаа, хүлээж авах байгууллага, хувь хүний урилга, байрлах зочид буудлын захиалга зэрэг бичиг баримтыг биедээ авч явах хэрэгтэй.

    Хилээр нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг, тухайлбал, амьтны гаралтай махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, галт зэвсэг, тэсрэх бодис, цэнэглэгч/power bank зэрэг бараа, бүтээгдэхүүнийг биедээ болон ачаа тээшиндээ авч явахгүй байх нь тохиромжтой байдаг. Мөн хилээр 10,000-с дээш ам.долларыг бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх  бусад үнэт цаас (personal or cashier’s check, traveler’s checks, money orders, stocks, bonds) авч яваа бол энэ талаар гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх (хэрэв гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй бол гаалийн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн, хураадаг) хэрэгтэй.

    Гадаад орнуудад зорчих иргэд анхаарал болгоомжтой байх, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хэн нэгний гуйлт, ятгалгаар бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байх нь зүйтэй. Хэрэв та Африкийн орнуудад зорчих хугацаандаа өөрийн эрх ашгийг хамгаалуулах, иргэн болон консулын үйлчилгээ авах шаардлагатай бол  Арабын Бүгд Найрамдах Египет Улсын нийслэл Каир хотод суугаа Монгол Улсын ЭСЯ-нд хандана.

  • Монгол Улс жилд хэдэн гадаадын иргэнд виз олгодог вэ?

    2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар гадаадын 244.291 иргэнд виз олгосон.

  • Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй гадаад улсын виз мэдүүлгийн хэдэн төв байдаг, ямар үүрэгтэй вэ?

    Монгол улсад гадаадын 11 виз мэдүүлгийн төв үйж ажиллагаагаа явуулж байгаа ба эдгээр виз мэдүүлгийн төвүүд Монгол Улсын иргэдээс тухайн оронд зорчихоор виз мэдүүлж буй материалын иж бүрдлийг шалган хүлээн авч, шаардлагатай тохиолдолд нэмэлт материал авах, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл хийж бүрэн бүрдүүлсэн материалыг тухайн орны холбогдох байгууллага /ГХЯ, бусад оронд суугаа тухайн улсын ЭСЯ, ЕКГ, ЭСЯ-ны Консулын хэлтэс/-д хүргүүлж виз олгосон эсэх хариуг иргэнд мэдэгдэх, виз олгосон паспортыг эзэнд нь хүлээлгэн өгөх үүрэгтэй.

  • Монгол Улсын хэдэн иргэн хилийн чанадад оршин сууж байна?

    2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар гадаадын 76 улсад Монгол Улсын 197.060 иргэн оршин сууж байна.

  • Хилийн чанадад Монгол Улсын хэдэн оюутан суралцаж байна ?

    2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар хилийн чанадад ДТГ-дад бүртгэлтэй, нийт 47.650 оюутан суралцаж байна.

  • Монгол Улсын олон улсын боомтоор давхардсан тоогоор гадаад дотоодын хэдэн иргэн зорчдог вэ?

    2019 оны байдлаар давхардсан тоогоор манай улсын 2.4 сая иргэн гадаадад зорчиж, гадаадын 636,960 иргэн хилээр нэвтэрсэн байна.

  • Хилийн чанадад оршин суугаа Монгол улсын иргэдэд зориулсан сайн дурын нийгмийн даатгалын төрөлд даатгуулах үйлчилгээний тухай

    Нийгмийн даатгалын ерөнхий газар хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор цахимаар нийгмийн даатгалын сайн дурын төрөлд даатгуулах үйлчилгээг эхлүүлээд байна. Бид энэхүү цахим үйлчилгээг Төрийн банктай хамтран хэрэгжүүлж буй бөгөөд Та нийгмийн даатгалын сайн дурын төрөлд цахимаар даатгуулснаар өөрийнхөө ирээдүйн нийгмийн баталгааг хангах боломж бүрдэх юм. Та хамгийн эхэнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын https://app.ndaatgal.mn/sdforeign цахим хуудаст хандан хэрэглэгчээр бүртгүүлсний дараа нийгмийн даатгалын сайн дурын төрөлд цахимаар даатгуулах боломж бүрдэнэ.

  • Иргэдэд туслах сангийн зориулалт юу вэ?

    Монгол Улсын иргэн дараах тохиолдолд Иргэдэд туслах сангаас санхүүгийн тусламж авах эрхтэй, Үүнд:

    1. Хилийн чанадад нас барсан иргэний гэр бүл нь түүний шарилыг эх оронд нь авчрах санхүүгийн боломжгүй, эсхүл гэр бүл, төрөл садан нь тогтоогдоогүй тохиолдолд түүний шарилыг хадгалах, чандарлах, шарил болон чандрыг эх оронд нь буцаах буюу тухайн улсад нь нутаглуулах;
    2. Гэмт хэргийн улмаас хохирсон буюу эд хөрөнгөө хаяж гээгдүүлсний улмаас төлбөрийн чадваргүй болсон иргэнийг эх оронд нь буцаах;
    3. Дээр дурдсан шалтгаантай иргэнд буцах үнэмлэх олгох, эх оронд нь буцаахтай холбогдсон бусад үйлчилгээ үзүүлэх;
    4. Хилийн чанадад байгалийн онц аюултай гамшиг, алан хядах ажиллагаа, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн, эсхүл осол, гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсан, сэтгэцийн өвчтэй болсон, амь насанд нь аюул учирсан иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эх оронд нь буцаах;
    5. Хилийн чанадад хорих ял эдэлж байгаад, эсхүл албадан саатуулагдаж байгаад суллагдсан санхүүгийн боломжгүй иргэнийг эх оронд нь буцаах;
    6. Хилийн чанадад гэмт хэргийн улмаас хохирсон иргэнтэй холбоотой асуудлыг тухайн улсын холбогдох хууль хяналтын байгууллагаар хянуулах, эрх ашгийг нь хамгаалахад шаардагдах өмгөөлөгч, орчуулагч хөлслөх;
    7. Хилийн чанадад хорих ял эдэлж байгаа иргэнийг Элчин сайдын яам, Консулын газрын ажилтан эргэх;

    Хилийн чанадад эрх ашиг нь хохирсон, төлбөрийн чадваргүй болсон Монгол Улсын иргэнд тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор “”Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн дүрэм”-ийг шинэчлэн баталсан

  • Апостиль гэрчилгээ гэж юу вэ?

    Монгол Улсын бичиг баримтыг гадаадын улс орнуудад хэрэглэх тохиолдолд апостиль гэрчилгээгээр баталгаажуулах шаардлагатай. Ингэснээр ямар нэг дахин баталгаажуулалт шаардахгүйгээр тухайн иргэний бичиг баримт Апостиль конвенцийн гишүүн 117 улсад хүчин төгөлдөр болох юм. Манай улс “Албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай олон улсын конвенцод нэгдэн орох асуудлыг УИХ 2008 оны 12 дугаар сард соёрхон баталсан. Энэхүү конвенцод нэгдэн орсноор буюу 2009 оны 2 дугаар сараас конвенцын заалт үйлчилж эхэлсэн бөгөөд  2020 оны 8 дугаар сарын байдлаар конвенцын гишүүн 117 улс орон манай “Apostille” гэрчилгээтэй бичиг баримтад консулын баталгаа давхар хийлгэхийг шаардахаа больж иргэдэд учирч буй чирэгдэл багассан. Тус конвенцод апостиль гэсэн франц үгийг орчуулалгүй хэвээр нь хэрэглэж байхаар улс орнууд хүлээн зөвшөөрсөн байдаг.

  • Монгол Улсад гадаадын хэдэн Өргөмжит консул ажиллаж байна?

    Монгол Улсад гадаадын 37 өргөмжит консул үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Монгол Улс хэдэн Өргөмжит консултай вэ?

    Гадаадын 48 оронд Монголын 67 өргөмжит консул үйл ажиллагаагаа явуулж байна.