МОНГОЛ, ПАКИСТАНЫ ХАРИЛЦААНЫ ЛАВЛАХ

Монгол Улс, Лалын Бүгд Найрамдах Пакистан Улсын хооронд 1962 оны 3 дугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтсоон.

Энэтхэг, Пакистаны харилцааны байдлаас шалтгаалан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд нар хавсран ажиллаж ирсэн

Элчин сайд Д.Цэгмид 1964, С.Сосорбарам 1973, Л.Чулуунбаатар 1979, Ё.Очир 1989, Д.Цахилгаан 1999, Б.Амарсанаа 2004, Г.Батсүх 2007 онд тус тус ИЖБ-ээ барьсан.

Пакистаны Элчин сайд 1964, 1966, 1972, 1975, 1981, 1989, 1994, 1999, 2000, 2003, 2005, 2009 онд ИЖБ-ээ барьсан.

Монгол Улс Бангладешийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснийг эсэргүүцэн, пакистаны тал 1972 оны 1 дүгээр сарын 13-нд Монголтой дипломат харилцаагаа тасалсан тухай ноотыг Москва дахь ЭСЯ-аараа дамжуулан өгсөн.    Монголын тал НҮБ-ын дүрмэнд заасан зарчмыг баримтлан Бангладеш улсыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ дипломат алхам нь Пакистаны эсрэг огтхон ч чиглээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

1972 оны 5 дугаар сараас Москва дахь Пакистаны Элчин сайд хоёр орны харилцааг сэргээх асуудлаар манай Элчин сайдтай хэд хэдэн удаа ярилцсан.

1972 оны 8 дугаар сарын 2-нд пакистаны тал дипломат харилцааг сэргээх тухай ноот гардуулж, хоёр тал анх харилцаа тогтоосон өдрийг дипломат харилцаа тогтоосон өдрөөр тооцохоор тохиролцсон.

Монгол, Пакистан хоёр улс олон улсын тавцанд зарим асуудлаар бие биеэ дэмжиж ирсэн. 1967 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнд Пакистан улс нэрээ дэвшүүлэхэд Монгол Улс дэмжсэн.

1974 онд НҮБ-ын IV хороонд Элчин сайд Б.Дашцэрэнг илтгэгчээр сонгоход Пакистан улс дэмжсэн.

1997 онд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлд Пакистанаас нэр дэвшигч сонгогдоход Монгол Улс дэмжсэн.

Үндэсний баярын өдрийг тохиолдуулан хоёр орны төр, засгийн удирдагч нар харилцан баяр хүргэсэн цахилгаан утас тогтмол солилцож байна.

2002 оны 6 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч  Нацагийн Багабанди Казахстаны Алматы хотноо болсон Төв Азид  итгэлцэлийг бэхжүүлэх, хамтран ажиллах Зөвлөлгөөний анхдугаар чуулганы үеэр ЛБНПУ-ын Ерөнхийлөгч П.Мушаррафтай уулзаж бүс нутгийн аюулгүй байдал, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон.

1992 оны 3 дугаар сард Монгол Улсын Дэд Eрөнхийлөгч, Улсын Бага хурлын дарга Р.Гончигдорж тэргүүтэй парламентын төлөөлөгчид Азийн сангийн шугамаар Пакистанд айлчилж, хоёр орны төрийн эрх барих дээд байгууллагуудын хооронд харилцаа тогтоох талаар ярилцаж, Пакистаны парламентын хуралдааны явц, үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан.

1991 оны 11 дүгээр сард “Шилжилтийн үе дэх БНМАУ-ын Үндсэн хуулийн үүрэг” сэдвээр Улаанбаатар хотноо болсон симпозиумд Пакистаны парламентын гишүүн Асиф Фасимал Дин Хэн Вардак, доктор Мухамед Рахман нар оролцсон. Пакистаны төлөөлөгчид Хөдөө аж ахуйн яамны удирдлагатай уулзаж, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн Монголоос худалдан авах, бага оврын гурилын үйлдвэр, цахилгаан станц нийлүүлэх боломжийн талаар санал солилцож байжээ.

2000 онд ЛБНПУ-ын Гадаад хэргийн сайд Абдул Саттар Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л. Эрдэнэчулууныг Пакистанд айлчлахыг урьсан.

2003 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо болсон АШСТО-уудын V бага хуралд Пакистаны парламентын хоёр гишүүн ирж оролцсон.

Худалдаа, эдийн засгийн харилцаа

1998, 1999 онд Монгол Улс Пакистан Улсаас 400 орчим мянган ам. доллар, 2000 онд 134 мян. ам.доллар, 2001 онд 6,8 мян. ам.доллар бүхий 19,4 тонн хонины сэмлээгүй буюу самнаагүй ноос экспортолсон байна.

Сүүлийн жилүүдэд гадаад худалдааны хэмжээ эрс буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2008 онд Пакистанаас 151.7 мян ам доллар, 2009 онд 167.8 мян ам долларын бараа импортлосон бөгөөд манайх загварын журмаар 17,5 мян долларын арьс, шир экспортложээ.  2010 онд хоёр орны худалдааны эргэлт 225 мян ам.доллар, үүнээс экспорт 11.3 мян ам.доллар, импорт 213.7 мян ам.доллар болжээ.

Пакистаны хөрөнгө оруулалттай 30 компани Монголд бүртгэлтэй бөгөөд  хөрөнгө оруулалтын хэмжээ 0,7 сая ам.доллар бөгөөд 2010 онд 60 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ.

2011 онд хоёр орны худалдааны эргэлт 927.2 мян ам.доллар үүнээс экспорт 31.9 мянган ам.доллар, импорт 895.3 мян ам доллар болж өссөн байна. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн хонины ноос бол пакистаны талаас хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа хатаасан жимс, эм, эмнэлгийн багж хэрэгсэлийг импортолдог байна.

Манай улсаас Пакистаны дипломатын курс, ИАТГ-ын сургалт, семинарт тус тус 2 хүн жил бүр оролцож байсан. Тус орны дотоод байдал болон бүс нутгийн байдлаас үүдэн дээрх курс, сургуулиудад манай орноос сүүлийн 3 жилд хүн хамрагдаагүй болно.

2004 оны 8 дугаар сард Элчин сайд Б.Амарсанаа Пакистан улсад очиж ИЖБ барих үeэр Пакистаны Eрөнхийлөгч болон Гадаад хэргийн Төрийн нарийн бичгийн дарга нар Монгол Улсад бизнес эрхэлж буй пакистан иргэдийн визний асуудлыг аль болох нааштай хэлбэрээр зохицуулах, тэдний бизнeсийн үйл ажиллагааг дэмжих замаар хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх санал дэвшүүлж байжээ.

2004 оны 5 дугаар сараас 10 дугаар сар хүртэл Монгол Улсад зорчих, хувийн урилгаар ирэх, оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгах болон олон удаагийн виз хүссэн Пакистаны 33 иргэн /хувийн урилгаар ирэх 13, оршин суух зөвшөөрөл авах, сунгуулахаар 14/ Харьяатын албанд хандсан байна. Эдгээр иргэдэд TEГ-ын саналыг үндэслэн татгалзсан хариу өгчээ.

Монгол хүнтэй гэр бүл болсон 7 Пакистаны иргэн манайд оршин сууж байна.

2007 онд Элчин сайд Г.Батсүх Пакистаны Ерөнхийлөгчид ИЖБ-ээ барих үеэрээ Пакистан дахь Монгол Улсын Өргөмжит консулын газрыг албан ёсоор нээж Өргөмжит консул Абдул Хашим Хусейнтэй байгуулах консулын протоколд гарын үсэг зурж, гэрчилгээ, тамга, Монгол Улсын төрийн далбаа зэргийг гардуулав.

2010 онд Пакистаны Стратеги Судалгааны Хүрээлэнгийн урилгаар Монгол Улсын ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн зөвлөх П.Халиун Пакистан Улсад айлчилж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон.

2010 онд Пакистаны тал “Орлогын татварыг давхардуулан ногдуулах болон төлөхөөс зайлсхийхээс сэргийлэх тухай”  Пакистан Улс, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах санал тавьж хэлэлцээрийн төслөө ирүүлсэн. Монгол Улсад Пакистан Улсаас оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ хангалттай түвшинд хүрээгүй гэж үзэж монголын тал хэлэлцээрийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах санал тавьсан.

2011 онд Пакистаны тал Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих тухай хэлэлцээрийг байгуулах асуудлаар хэлэлцээ хийхийг санал болгосон боловч манай талаас хариу өгөөгүй байна. Улмаар 2012 оны 2 дугаар сард төслөө ирүүлсэн байна.

2011 онд Пакистан улсыг ТАБЭЗХА (CAREC) -ны байгууллагад гишүүнээр элсэхэд дэмжсэн болно.

2011 оны 10 дугаар сараас АСЕМ-ын НЕСА бүлгийн зохицуулагчийн үүргийг манай улс даргалах хуваарьтай байсан боловч пакистаны талтай тохиролцож даргалах ээлжээ солилцсон.

2010 оны 5 дугаар сард пакистаны тал Элчин сайд Ц.Сүхбаатарын агреманд зөвшөөрсөн хариу өгөөд байгаа болно.

ГАДААД  ХАРИЛЦААНЫ ЯАМ