МОНГОЛ, ХЯТАДЫН ХҮМҮҮНЛЭГИЙН СОЛИЛЦООНЫ ХАМТАРСАН ЗӨВЛӨЛИЙН ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

Монгол, Хятадын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн хоёрдугаар хуралдаан 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Бээжин хотноо амжилттай болж өндөрлөв. Хуралдааныг монголын талаас Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу нар хамтран даргалав.

Хуралдаанд монголын талаас Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монцамэ агентлаг, Говь-Алтай аймаг, Завхан аймаг, Ховд аймаг,  хятадын талаас Гадаад хэрги йн яам, Боловсролын яам, Соёл, аялал жуулчлалын яам, Улсын Эрүүлийг хамгаалах, эрүүл мэндийн хороо, Улсын Радио, телевизийн ерөнхий газар, Улсын Биеийн тамир, спортын ерөнхий газар, Төрийн зөвлөлийн Хэвлэл, мэдээллийн алба, Гадаадтай найрамдлаар харилцах ардын нийгэмлэг, Коммунист Залуучуудын Эвлэлийн Төв хороо, Тяньжин хотын Ардын засгийн газар, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын засгийн газар, Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны Ардын засгийн газар зэрэг байгууллагын 40 гаруй төлөөлөгчид оролцов.

Энэ удаагийн хуралдаанаар талууд Монгол, Хятадын хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхэн ойг тэмдэглэх, талуудын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэх зэрэг олон чухал асуудлаар гүнзгий санал солилцож, талуудын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааны тогтвортой хөгжлийг хангахад энэхүү механизм чухал үүрэг гүйцэтгэж буйг санал нэгтэй тэмдэглэв.

 

Талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж, хоёр орны төр, засгийн тэргүүн нарын харилцан тохиролцсон олон чухал төсөл, арга хэмжээ амжилттай  хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Цаашид хоёр талын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, эрүүл мэнд, хэвлэл, мэдээллийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Монгол, Хятадын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн үйл ажиллагааг бүрэн ашиглах нь зүйтэйг онцлон тэмдэглэв.

 

Хуралдааны үеэр талууд харилцан тохиролцсон  асуудлаар Монгол, Хятадын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн хоёрдугаар хуралдааны протоколыг үйлдэж, Гуравдугаар хуралдааныг 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцов.

 

 

 

 

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2019.2.25