АПСКО-ГИЙН 10 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛОВ

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын 10 жилийн ойн өндөр түвшний форум 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Бээжин хотноо зохион байгуулагдлаа. Форумд Монгол, Хятад, Иран, Пакистан зэрэг 24 орон, НҮБ-ын харьяа байгууллагууд, олон улсын сансрын 8 байгууллагын 100 гаруй албан ёсны төлөөлөгчид оролцов.

Монгол Улс тус байгууллагын Удирдах зөвлөлийг 2018-2019 онд даргалж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс форумд оролцож буй төлөөлөгчдөд хүргүүлсэн баярын илгээлтийг  Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг уншиж танилцуулав.

Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага нь сансар, огторгуйг энхийн зорилгоор ашиглахад дэмжлэг үзүүлэх, гишүүн болон бүс нутгийн орнуудын дунд сансрын шинжлэх ухаан, сансрын технологи, хэрэглээний чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий НҮБ-д бүртгэлтэй Засгийн газар хоорондын байгууллага юм.

Тус байгууллагын конвенцийг Монгол Улсын Их Хурлаас 2006 онд соёрхон баталснаар Монгол Улс анхны үүсгэн байгуулагч, бүрэн эрхт гишүүн болсон.