НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД БЭЭЖИН ХОТНОО АЙЛЧЛАВ

Бээжин хотын дарга Чэнь Жинингийн урилгаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 10 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Бээжин хотноо албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр Засаг дарга С.Батболд Бээжин хотын дарга Чэнь Жининтай уулзаж, хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа агаарын бохирдол, замын хөдөлгөөний хяналт, удирдлага, хот төлөвлөлт, мэргэжилтэн сургах зэрэг асуудлаар санал солилцов.

Айлчлалын хүрээнд 10 дугаар сарын 23-ны өдөр Бээжин хотноо “Улаанбаатарын хөрөнгө оруулалт 2018” бизнес форум, “Улаанбаатарын үдэш” урлагийн тоглолт, “Өнөөгийн улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг өргөн хүрээний соёлын арга хэмжээг тус тус зохион байгуулав. Арга хэмжээнд Бээжин хотын АТИХ-ын БХ-ны дэд дарга Жан Чин, Бээжин хотын дэд дарга Ван Нин нар оролцож, үг хэлэв.

Төлөөлөгчид Бээжин хот төлөвлөлтийн музей, Замын хөдөлгөөний хяналт, удирдлагын газар, Агаарын чанарын хяналтын төвд зочилж, Шүнь-И дүүргийн “Тяньжу” гаалийн баталгаат /чөлөөт худалдааны/ бүсийн үйл ажиллагаатай тус тус танилцав.