Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын XV хуралдаан Бээжин хотноо болов


Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг Комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг Комиссын Хятадын хэсгийн дарга, Худалдааны сайд Жун Шань нар тэргүүлж, хуралдааныг хамтран даргалав.

Хуралдааны үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын үеэр ярилцаж тохиролцсон олон чухал төсөл, арга хэмжээ урагшлан хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид хоёр талын харилцаа холбоог бэхжүүлж, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг урагшлуулахын тулд ажлын түвшинд нягт хамтран ажиллахаар тохиров.
Талууд цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2020 онд хоёр талын худалдааг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын хүрээнд хөдөө аж ахуй, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч зэрэг салбарт хамтран ажиллах тодорхой асуудлуудаар хэлэлцэж, олон асуудлаар тохиролцоонд хүрэв.

ЗГХК-ын хуралдааны дараа талууд “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын XV хуралдааны Протокол”, “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км автозам барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр-т тус тус гарын үсэг зурав.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бээжин хотод ажиллах хугацаандаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ху Чуньхуа, Онцгой байдлын хэрэг эрхлэх яамны дэд сайд, намын хорооны нарийн бичгийн дарга Хуан Мин, Гаалийн ерөнхий газрын дарга Ни Юэфөн нартай тус тус уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Хуралдааны хүрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар БНХАУ-ын ЭКСИМ банкны дэд ерөнхийлөгч Ше Пинтэй, Стандартчлал, хэмжилзүйн газрын дарга Гантөмөр БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын газрын даргатай тус тус уулзав.