БНХАУ-ТАЙ ХИЙСЭН СВОП ХЭЛЦЛИЙН ГЭРЭЭГ 2020 ОН ХҮРТЭЛ СУНГАЛАА

1Монголбанкнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл хийлээ.  Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хятадын Ардын Банкны дэд ерөнхийлөгч И Ган нар 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцээ хийж, төгрөг, юаний своп хэлцлийг дахин 3 жилийн хугацаатай сунгах тохиролцоонд хүрсэн байна. Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанкны дэд ерөнхийлөгч, Зах зээлийн газрын захирал болон бусад мэргэжилтнүүдтэй ажлын хэсэг өнгөрсөн хоёр хоногт Хятадын Ардын Банкны холбогдох албаны хүмүүстэй  своп хэлцлийн талаар хэлэлцээ хийлээ. 2014 онд байгуулсан гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сард дуусахаар байгаа. Хэлэлцээний үр дүнд бид Своп хэлцлийн гэрээг дахин 3 жилээр сунгалаа.​ 8 дугаар сараас өмнө хэдийд ч энэхүү гэрээний хугацааг сунгахаар хоёр тал гарын үсэг зурахаар тохиролцсон байгаа.Тэгэхээр своп хэлцлийн гэрээний хугацаа нь 2020 оны 8 дугаар сар хүртэл үргэлжлэхээр болж байна. Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай тохиролцсон хөтөлбөрийн бүрэлдэхүүн хэсэгт своп хэлцэл орсон байсан. Хөтөлбөр ОУВС-гийн захирлуудын хуралдаанаар батлагдаагүй байгаа ч бэлтгэл шатны ажиллагаа хэвийн явагдаж байна” гэв. Төв банк хооронд байгуулсан своп хэлцлийн хугацааг сунгах нь хоёр улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжихэд  чухал ач холбогдолтой юм.