Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ, ЯПОНЫ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД Ч ТАСРАЛТГҮЙ БЭХЭЖСЭЭР БАЙНА

МОНГОЛ, ЯПОНЫ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД Ч ТАСРАЛТГҮЙ БЭХЭЖСЭЭР БАЙНА

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши-г өнөөдөр хүлээн авч уулзав. Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд сайд Б.Батцэцэгт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-гээс баярын захидал ирүүлсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы Стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-ийн айлчлал онцгой ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

“КОВИД-19” цар тахалтай тэмцэхэд улс орнуудын нягт хамтын ажиллагаа нэн чухал байгааг Элчин сайд Х.Кобаяши онцолж, энэхүү хүнд нөхцөлд манай хоёр улс ойр дотно хамтран ажиллаж, Стратегийн түншүүд гэдгээ батлан харуулсаар байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Сайд Б.Батцэцэг Япон Улсын Засгийн газраас манай улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд үнэ цэнэтэй дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаад талархал илэрхийлээд нэн ялангуяа Япон Улсын Засгийн газраас “КОВИД-19 цар тахлын эсрэг арга хэмжээний яаралтай зээл”, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төслийн бус буцалтгүй тусламж олгосон нь цаг үеэ олсон тусламж болсныг онцлов.

Талууд Монгол, Японы харилцааг дараагийн 4 жилд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийг тохирох, дипломат харилцааны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх бэлтгэлийг эртнээс хангаж ажиллахаар тохиров. Мөн КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал намжих үед эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг сэргээх нөхцлийг бүрдүүлэх чиглэлд одооноос ажиллахаар ярилцав.