Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх

Засгийн газрын 2012 оны 63 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ,
БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Оршил

Гадаад харилцааны яам (цаашид “яам” гэх)-ны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-т Засгийн газрын танхим, Гадаад харилцааны сайд (цаашид “сайд” гэх)-аас шийдвэр гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн гадаад бодлогыг боловсруулах,  хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, мониторинг хийх, улсын хэмжээнд гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтаар хангах, төрийн захиргааны удирдлага, зохион байгуулалтыг хангах, гадаад улс, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах, гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт тавих, консулын үйлчилгээг эрхлэх, хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэд, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалах, гадаад улс, олон улсын байгууллагатай хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллах, гадаадад монголын түүх, соёлыг сурталчлахтай холбогдсон асуудлыг хамааруулсан яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн загварыг тодорхойлов.

1.2. Үндэслэл

Хөтөлбөрийг Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурлын 1996 оны 38 дугаар тогтоолоор зөвшөөрсөн “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлого”, Улсын Их Хурлын 2011 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”, “Яамдын зохион байгуулалтын бүтэц батлах тухай” Засгийн газрын 2012 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Гадаад харилцааны яамны зохион байгуулалтын бүтцийг тус тус үндэслэн боловсруулав.

1.3. Эрх зүйн орчин

Хөтөлбөрийг дор дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Засгийн газрын тухай хууль;
-Яамны эрх зүйн байдлын тухай хууль;
-Төсвийн тухай хууль;
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль;
-Дипломат албаны тухай хууль;
-Авлигын эсрэг хууль;
-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль;
-Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал;
-Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал;
-Бусад хууль тогтоомж.

1.4. Арга зүй

Хөтөлбөрийг боловсруулахдаа гадаад харилцааны салбарт хуримтлагдсан түүхэн туршлага, олон улсын жишиг, гадаад орчны өөрчлөлт, төрийн захиргааны шинэчлэлийн удирдлага, үйл ажиллагааны онцлог, төлөвлөлт, зохицуулалтын нийтэд хэрэглэдэг арга зүйг ашиглан боловсруулав.

1.5. Яамны үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь

Яам нь гадаад харилцааны хүрээн дэх Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг хариуцлага хүлээж, Засгийн газрын танхим, сайдыг өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэгээр хангана. Яам нь гадаад харилцааны салбарын бодлогын төлөвлөлтийг боловсруулж, зөв зохистой удирдан, зохицуулна. Яам нь хариуцсан асуудлаар Засгийн газрын зөвлөхийн үүрэг хүлээж, яамдыг гадаад харилцааны нэгдсэн зохицуулалтаар хангана.

1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой, бүрэн тодорхойлох нь яамны үйл ажиллагааны стратегийг тогтоох үндэслэл болно.

Энэ хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгч хамаарна.

 

Гадаад харилцааны яамны стратегийн удирдлага,
зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр

 

Яамны үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Засгийн газрын танхим, сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус үйлчлүүлэгч нь бусад яам, агентлаг, нийт байгууллага, иргэд болно. Яамны стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх олон төрлийн харилцааг зохицуулахад чиглэнэ.

Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

 

Хоёр. Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны стратеги

2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2. Үйл ажиллагааны стратегийн гадаад орчин

Олон улсын харилцаанд гарч байгаа шинэ чиг хандлагууд нь Монгол Улсын гадаад орчинд урт хугацаанд нөлөөлж, төрийн гадаад бодлогыг тодорхойлоход зайлшгүй харгалзан үзэх хүчин зүйл болж байна. Даяаршлын үйл явц гүнзгийрэн, улс орнуудын улс төр, эдийн засгийн харилцан хамаарал нэмэгдэж байгаа нь Монгол Улсыг ч хамран, түүний гадаад орчинг тодорхойлох нэгэн чухал хүчин зүйл болж байна. Мэдээлэл, харилцаа холбооны технологи асар түргэн хөгжихийн хэрээр гадаад харилцааны субъектүүдийн хүрээ өргөжин тэлж байна. Аюулгүй байдлын уламжлалт утга өөрчлөгдөн, хүний аюулгүй байдлын үзэл баримтлал өргөн дэмжлэг хүлээж, улам олон салбар, хүрээг хамрах болж, терроризмын уламжлалт бус аюул, занал дэлхийн, бүс нутгийн болон улс орнуудын анхаарлын төвд гарч ирэв. Эдгээр үйл явцын өрнөлтөд Монгол Улсыг зохистой хэлбэрээр хамруулах, улс орны аюулгүй байдлыг хангах, Монгол Улсын хөгжлийн таатай гадаад орчныг бүрдүүлэх зорилгын хүрээнд бодлого боловсруулан хэрэгжүүлэх, гадаад харилцааны субъектүүдийн үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах зэрэг зорилтууд тус яамны өмнө тулгарч байна.

2.3. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Гадаад харилцааны яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.3.1. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх;

2.3.2. Монгол Улсын хөгжлийг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх;

2.3.3. Монгол Улсын иргэдийн эрх ашиг, бизнесийн ашиг сонирхлыг хилийн чанадад хамгаалах.

2.4. Үйл ажиллагааны эрхэм зорилго

Гадаад харилцааны яамны эрхэм зорилго нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд олон улсын таатай гадаад орчныг бүрдүүлэхэд оршино.

Энэ эрхэм зорилгыг биелүүлэхдээ Монгол Улсын гадаад харилцааг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхойлсон зарчим, чиглэлээр улс орны болон дэлхий дахины улс төр, эдийн засгийн шинэ нөхцөл байдалтай уялдуулан тууштай хэрэгжүүлж, үндэсний язгуур эрх ашиг, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг идэвхтэй явуулах, гадаад бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг эрхэмлэж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх байр суурийг бэхжүүлэх, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл ажиллагааг тууштай үргэлжлүүлэх зорилтуудыг удирдлага болгоно.

2.5. Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь эрхэм зорилго, тэргүүлэх чиглэлийн хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:

2.5.1. гадаад бодлогын нэгдсэн төлөвлөлт, зохицуулалт, судалгаагаар хангах;

2.5.2. гадаад бодлогын хэрэгжилтийг төрөлжсөн зохицуулалтаар хангах;

2.5.3. төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;

2.5.4. гадаад бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дотоод аудит хийх.

2.6. Үйл ажиллагааны гол зорилт

Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.6.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.6.1.1. Монгол Улсын гадаад бодлого, холбогдох баримт бичгийг боловсруулах, төлөвлөх;

2.6.1.2. гадаад бодлогын холбогдох гэрээ, хэлэлцээр, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах;

2.6.1.3. улсын хэмжээнд гадаад бодлогын хэрэгжилтийг бодлогын удирдамж, зохицуулалтаар хангах;

2.6.1.4. гадаад бодлогын хэрэгжилтийг мэдээлэх, гадаад сурталчилгааны бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах.

2.6.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.6.2.1. хөрш орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах, хөрш оронтой хилийн боомтын асуудлаар хамтран ажиллах:

2.6.2.2. Ази, Номхон далайн орнуудтай харилцах бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;

2.6.2.3. Америк, Африкийн орнуудтай харилцах бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;

2.6.2.4. Европ, Ойрхи дорнодын орнуудтай харилцах бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;

2.6.2.5. олон улсын байгууллагатай харилцах бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;

2.6.2.6. гадаад эдийн засгийн харилцааны бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, зохицуулах;

2.6.2.7. консулын бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;

2.6.2.8. олон улсын гэрээ, эрх зүйн бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;

2.6.2.9. дипломат ёслолын бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах.

2.6.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.6.3.1. төрийн захиргааны удирдлагаар хангах;

2.6.3.2. хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх;

2.6.3.3. Гадаад харилцааны сайдаас гаргах шийдвэрт бүх талын дэмжлэг үзүүлэх;

2.6.3.4. төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, зарцуулалтад бүх талын дэмжлэг үзүүлэх, хяналт тавих;

2.6.3.5. гадаад харилцааны төв архивын үйл ажиллагааг эрхлэх;

2.6.3.6. гадаад харилцааны салбарын мэдээллийн технологийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах.

2.6.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.6.4.1. гадаад харилцааны бодлого, хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, түүнд дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, санал үндэслэл боловсруулах;

2.6.4.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтэд  хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, салбарын дотоод аудитыг зохион байгуулах.

2.7. Үйл ажиллагааны зорилт

Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг тодорхойлж, яамны зохион байгуулалтын нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.

2.8. Үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагааны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

 

Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны ерөнхий загвар

 

Гурав. Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараахь зарчмыг баримтлав:

3.1.1. яамны стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн яамны үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх);

3.1.2. эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байхын зэрэгцээ сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын зорилт, чиг үүрэгтэй давхардахгүй байх);

3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал яамны бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх);

3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (яамны төрийн нарийн бичгийн даргаас хамгийн доод нэгжээ хүртэл гурваас дээшгүй шат дамжлагатай байх);

3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг аль болох оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан, хэрэглэгчийнхээ хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх);

3.1.6. улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (тухайн яамны албан хаагч нь эрхэлсэн сайд, Засгийн газар, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх);

3.1.7. хангалттай чадавхи, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх).

3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

Дээр дурдсан зарчим болон яамны үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо дараахь загвартай байна:

 

Гадаад харилцааны яамны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар

3.3. Зохион байгуулалтын бүтэц

Яамны үйл ажиллагааны стратегийн загвараас зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг дараахь байдлаар тодорхойлж байна:

3.3.1. бодлого төлөвлөлт, судалгааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь гадаад бодлогын нэгдсэн төлөвлөлт, зохицуулалт, судалгаагаар хангах үндсэн үүрэг хүлээж, Монгол Улсын гадаад бодлого, холбогдох баримт бичгийг боловсруулах, төлөвлөх, гадаад бодлогын холбогдох гэрээ, хэлэлцээр, төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл боловсруулах, улсын хэмжээнд гадаад бодлогын хэрэгжилтийг бодлогын удирдамж, зохицуулалтаар хангах, гадаад бодлогын хэрэгжилтийг мэдээлэх, гадаад сурталчилгааны бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Монгол Улсын гадаад бодлого, холбогдох баримт бичиг боловсруулах, олон улсын харилцааны зарим асуудлаархи байр суурийг нөхцөл байдалтай нь уялдуулан тодорхойлох, гадаад бодлогын нэгдмэл байдал, нэгдсэн зохицуулалтаар хангах, гадаад харилцааны салбарын үйл ажиллагааг төлөвлөх, бусад улсын гадаад бодлого, олон улсын харилцааны чиг хандлагыг харьцуулан судлах, мэдээлэл боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд мэдээлэл, гадаад сурталчилгааны нэгж ажиллана.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайд, дэд сайдын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэгдэж, төр, засгийн удирдлагаас бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг тодорхойлоход шаардлагатай, цаг үеэ олсон, соргог, мэдрэмж бүхий өндөр мэргэшлийн шуурхай зөвлөгөө, шаардлагатай мэдээ мэдээлэл, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

Энэ нэгжийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, хэвлэл, мэдээллийн байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Монгол Улсаас гадаад оронд суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газар, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газрууд, яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бусад хэрэглэгч байна.

3.3.2. хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг

Эдгээр нэгжүүд нь гадаад бодлогын хэрэгжилтийг төрөлжсөн зохицуулалтаар хангах үндсэн үүрэг хүлээж, бүс нутгийн улс орнууд болон олон улсын байгууллагатай харилцах, хамтран ажиллах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.3.2.1. хөрш орнуудтай харилцах  асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж нь  ОХУ, БНХАУ-тай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг боловсруулах,  төлөвлөх, хэрэгжилтийг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан нийтлэг үйл ажиллагааг эрхлэн явуулна:

-ОХУ, БНХАУ-тай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн хэмжээг зохих түвшинд байлгах, харилцааны үр ашгийг нь дээшлүүлэх;

-улс төр, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, батлан хамгаалахын зэрэг бүх салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох;

-хоёр талын харилцааны асуудлаар Засгийн газрын байр суурийг боловсруулах;

-хөрш орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газруудыг бодлогын удирдамж, чиглэлээр хангах, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх.

Энэ нэгжийн харъяанд ажиллах хил, хилийн боомтын нэгж нь хөрш оронтой хилийн боомтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн харилцааны гэрээ, хэлэлцээр, протоколын биелэлтийг хангуулах, хил орчмын тулгамдсан асуудлуудыг эрх зүйн хүрээнд зохицуулах, хилийн боомт, хилийн бүс нутаг дахь аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд зохицуулалт хийх, хөрш орнуудын хилийн салбар дахь бодлогын судалгаа явуулах, эдийн засгийн онцгой бүсийн харилцааны эрх зүйн орчинг бүрдүүлэх, улсын хил шалгалтын ажилд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг хамаарна.

3.3.2.2. Ази, Номхон далайн орнуудтай харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж нь Монгол Улсаас Ази, Номхон далайн орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.  Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан нийтлэг үйл ажиллагааг эрхлэн явуулна:

-Ази, Номхон далайн орнуудтай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, түншлэлийн түвшинд хүргэх, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, харилцааны үр ашгийг нь дээшлүүлэх;

-улс төр, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, батлан хамгаалахын зэрэг бүх салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох;

-хоёр талын харилцааны асуудлаар Засгийн газрын байр суурийг боловсруулах;

-Ази, Номхон далайн орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг удирдан, бодлогын удирдамж, чиглэлээр хангаж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх.

3.3.2.3. Европ, Ойрхи дорнодын орнуудтай харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж нь Монгол Улсаас Европ, Ойрхи Дорнодын орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан нийтлэг үйл ажиллагааг эрхлэн явуулна:

-Европ, Ойрхи дорнодын орнуудтай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, түншлэлийн түвшинд хүргэх, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, харилцааны үр ашгийг нь дээшлүүлэх;

-улс төр, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, батлан хамгаалахын зэрэг бүх салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох;

-хоёр талын харилцааны асуудлаар Засгийн газрын байр суурийг боловсруулах;

-Европ, Ойрхи дорнодын орнуудад суугаа дипломат төлөөлөгчдийн газруудын үйл ажиллагааг удирдан, бодлогын удирдамж, чиглэлээр хангаж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх.

3.3.2.4. Америк, Африкийн орнуудтай харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж нь Монгол Улсаас Америк, Африкийн орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан нийтлэг үйл ажиллагааг эрхлэн явуулна:

-Америк, Африкийн орнуудтай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, түншлэлийн түвшинд хүргэх, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, харилцааны үр ашгийг нь дээшлүүлэх;

-улс төр, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, батлан хамгаалахын зэрэг бүх салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцох;

-хоёр талын харилцааны асуудлаар Засгийн газрын байр суурийг боловсруулах;

-Америк, Африкийн орнуудад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг удирдан, бодлогын удирдамж, чиглэлээр хангаж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх.

3.3.2.5. олон улсын байгууллагуудтай харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж нь Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний системийн болон олон улсын Засгийн газар хоорондын бусад байгууллагын хүрээнд явуулах бодлогыг боловсруулах, олон талт дипломат үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд олон улсын таатай гадаад орчин бүрдүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан нийтлэг үйл ажиллагааг эрхлэн явуулна:

-Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын бусад байгууллагатай улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн бүхий л салбарт харилцах өдөр тутмын ажлыг гүйцэтгэж, тэдгээрийн өмнө манай улсын хүлээсэн үүргийг биелүүлэх;

-олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах чигийг тодорхойлж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэх;

-олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тэдгээрийн шугамаар зохиогдож байгаа хурал, чуулганд төлөөлөгчид оролцуулах, баримтлах удирдамж боловсруулах, байр сууриа илэрхийлэх;

-мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ядуурлыг бууруулах, олон улсын терроризмтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажиллагааг зохицуулах;

-олон улсын байгууллагуудаас баталж гаргасан олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орох асуудлыг судалж санал боловсруулах, нэгдэж орсон гэрээ, конвенцийн биелэлтийн тухай илтгэл, мэдээлэл нэгтгэн боловсруулж гаргах;

-Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний системийн байгууллагуудын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг удирдан бодлогын удирдамж, чиглэлээр хангаж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх.

Хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Монгол Улсаас гадаад оронд суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газар, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, Дипломат төлөөлөгчийн газрууд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бусад хэрэглэгч байна.

3.3.3. төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах үндсэн үүрэг хүлээж, төрийн захиргааны удирдлагаар хангах, хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, Гадаад харилцааны сайдаас гаргах шийдвэрт бүх талын дэмжлэг үзүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, зарцуулалтад бүх талын дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, гадаад харилцааны төв архивын үйл ажиллагааг эрхлэх, гадаад харилцааны салбарын мэдээллийн технологийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд тус нэгж нь яамны үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хүний нөөцийн бодлого боловсруулах, нэгжүүдийг захиргааны удирдлагаар хангах, яамны үйл ажиллагаанд удирдлага, зохион байгуулалтын тэргүүний туршлага, шинэлэг арга зүйг нэвтрүүлэх, ажилтнуудтай үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх, мэдээ тайланг гаргуулах, хариуцлага тооцох, шагнаж урамшуулах тогтолцоог оновчтой бүрдүүлэх, яамны үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах, үйлчилгээгээр хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгж нь яамны удирдлагын үйл ажиллагааг дэмжих, мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнээр хангах, хууль тогтоомж, дээд байгууллага, яамны удирдлагын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, дипломат шуудан, төрийн нууцын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, хөдөлмөрийн сахилга бат, дотоод дэг журмыг чанд мөрдүүлэх, дотоодын хяналт шалгалтыг сайжруулах, бичиг хэрэг, компьютер, мэдээллийн дотоод болон гадаад сүлжээний найдвартай ажиллагааг хангах, иргэдийн өргөдөл, гомдолд хариу өгөх үүргийг хүлээнэ. Мөн яам, системийн байгууллагуудын өмчлөлд байгаа үл хөдлөх хөрөнгийн асуудлыг удирдан зохицуулна. Мөн нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах, санхүү, аж ахуйн асуудлыг зохицуулах, архив, мэдээлэл технологийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн харъяанд ажиллах санхүү, хөрөнгө оруулалтын нэгж нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан санхүү, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах, санхүү, хөрөнгө оруулалтын бодлого боловсруулж, хууль тогтоомжид заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөл боловсруулах, төсвийг захиран зарцуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн харъяанд ажиллах гадаад харилцааны төв архивын нэгж нь архивын бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах, байгууллага, иргэдэд архивын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, Монгол Улсын гадаад харилцаатай холбоотой болон тус яамны үйл ажиллагааны явцад үүсч бүрдсэн баримт бичгүүдийг хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэн хадгалах, түүх, улс төр, эдийн засаг, эрдэм шинжилгээний ач холбогдолтой материалуудыг цуглуулах, сан хөмрөгийг бүрдүүлэх, баяжуулах, хосгүй үнэт баримт бичгүүдийг сэлбэн засах, нөхөн сэргээх, тоо бүртгэл хөтлөх, эрдэм шинжилгээ, мэдээллийн лавлагааны сан үүсгэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн харъяанд ажиллах мэдээлэл технологийн нэгж нь гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэдээллийн аюулгүй, найдвартай, шуурхай байдлыг хангах, төрийн нууцын аюулгүй байдал, хадгалалт, хамгаалалтаар хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх ажлын хүрээний байгууллага, Монгол Улсаас гадаад оронд суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газар, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газрууд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бусад хэрэглэгч байна.

3.3.4. гэрээ, эрх зүйн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь олон улсын гэрээ, эрх зүйн бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, гадаад харилцааны бодлого, зорилтыг олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээний дагуу хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хоёр болон олон талт бүхий л салбарын гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, байгуулахад эрх зүйн дэмжлэг үзүүлж, түүнчлэн хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн олон улсын гэрээнд нэгдэн орох, хэрэгжилтийн тайланг нэгтгэж гаргах, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах ажлыг үндэсний хэмжээнд аргачлал, хяналтаар хангах, хэлэлцээ хийх, ёсчлон бэлтгэх, батлуулах, бүртгэх, архивт хадгалуулах, үндэсний хууль тогтоомж болон олон улсын гэрээний эрх зүйн уялдааг хангах, орчуулах, орчуулгыг хянан баталгаажуулах, олон улсын гэрээний бүртгэл хөтлөх, хэвлэн нийтлүүлэх, биелэлтэд нь ерөнхий хяналт тавих, олон улсын эрх зүйн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангахад чиглэгдэнэ.

Энэ нэгжийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, яамд, Монгол Улсаас гадаад оронд суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газар, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газрууд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Хууль зүйн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, холбогдох бусад яам байна.

3.3.5. консулын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь консулын бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, Монгол Улсын консулын бодлогыг боловсруулан төлөвлөн хэрэгжүүлэх, консулын харилцааг эрхлэн гүйцэтгэх, гадаадад байгаа Монгол Улсын иргэд, бизнесийн эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалах, үүнтэй холбоотой хүсэлт, гомдлын хариуг өгөх, хилийн чанадад зорчиж буй монгол иргэдийн бүртгэл, судалгааг хийх, консулын асуудлаар байгуулагдсан гэрээ, хэлэлцээр, протоколын хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, иргэд хилийн чанадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, дипломат, албан зэргийн виз олгох, гадаадын иргэдийн асуудлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт зохицуулах, тэдэнд консулын үйлчилгээ үзүүлэх, нотариатын үйл ажиллагаа явуулах, хилээр зорчиж буй иргэдийн бүртгэл тооцоог нэгтгэх, судалгаа хийх, консулын тайлан гаргах, өөрийн улсын Ерөнхий консулын газар болон Өргөмжит консулуудыг мэргэжлийн удирдлага, бодлогын удирдамж, чиглэлээр хангах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгж нь гадаадад сурч, ажиллаж, аж төрж буй Монгол Улсын иргэд, харъяат, уугуул, иргэдийнхээ эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрийн гэр бүл, үр хүүхдийг эх орондоо эргэж ирэх, суурших, ирж очих, ажиллах, амьдрахад таатай нөхцөлийг бүрдүүлэх асуудлаар тодорхой чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, үйлчилгээ үзүүлэх хэрэглэгч нь Монгол Улсын иргэд, гадаад орнуудаас Монгол Улсад зорчиж байгаа иргэд, консул, өргөмжит консул байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Монгол Улсаас гадаад оронд суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газар, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газрууд, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, төрийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна.

3.3.6. хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг.

Энэ нэгж нь гадаад бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, дотоод аудит хийх үндсэн үүрэг хүлээж, гадаад харилцааны бодлого, хууль тогтоомж, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, түүнд дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, санал үндэслэл боловсруулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, салбарын дотоод аудитыг зохион байгуулах, хийх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн салбарын хэмжээнд хийх хяналт, шалгалт, хяналт-шинжилгээ, аудит, өгөх үнэлгээ бүр нь тодорхой санал, дүгнэлт, зөвлөмжтэй байх бөгөөд энэ нь яамны үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, бодлогыг засч залруулах, төсвийг үр ашигтай зарцуулах, эрсдлээс хамгаалахад чиглэгдэж, удирдлагыг шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээгээр хангана.

Энэ нэгжийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх ажлын хүрээний байгууллага, Монгол Улсаас гадаад оронд суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газар, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, ажилтнууд байна.

3.3.7. дипломат ёслолын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

Энэ нэгж нь Монгол Улсын үндэсний онцлог, ёс заншил болон олон улсын жишиг, хэм хэмжээнд нийцүүлэн дипломат ёслолын бодлого, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах үндсэн үүрэгтэй.

Энэ нэгж нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нарын гадаад оронд хийх албан ёсны айлчлал болон гадаадын дээд, өндөр хэмжээний зочин төлөөлөгчдийн айлчлалын бэлтгэлийг хангах, гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барих, гадаадын зочин төлөөлөгчид төр, засгийн удирдагч нарт бараалхах, Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчдийн газруудын эрх ямба, халдашгүй дархан эрхтэй холбогдсон асуудал, дипломат корпусыг баяр ёслолын арга хэмжээнд урьж оролцуулах зэрэг дипломат ёслолтой холбогдсон холбогдсон харилцааны талаар зөвлөгөө өгөх, зохицуулах, үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайдын эрхлэх ажлын хүрээний байгууллага, Монгол Улсаас гадаад оронд суугаа Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газар, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцогч гол түнш нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, тэдгээрийн холбогдох алба, ажилтнууд, төрийн хамгаалалтын ажилтнууд байна.

 

-оОо-